Японд халдварын тархалт эрчимжиж буйтай холбоотой Токио-2020 Олимпийн наадам зохион байгуулагдах эсэх нь эргэлзээ төрүүлж байсан. Тэгвэл Олон Улсын Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс өчигдөр/2021.05.21/ хийсэн мэдэгдэлдээ “Токиод нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилсэн ч Олимпийн наадам зохион байгуулагдах болно.
Одоо ч онц байдлын үед спортын таван төрлийн туршилтын тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгааг та бүхэн харж байна” гэжээ.
Японд саяхан явуулсан санал асуулгаар нийт хүн амын 70 орчим хувь нь 7-р сарын 23-нд эхлэх Олимпийн наадмыг цуцлах, эсвэл хойшлуулахад санал нэгдсэн юм. Энэ талаар ноён Жон Коутс “Японд одоогоор вакцин хийлгэсэн хүмүүсийн тоо хийлгээгүйгээсээ их байна. Вакцинжуулалтын тоо нэмэгдэхийн хэрээр олон нийтийн санаа бодол өөрчлөгдөнө гэж найдаж байна. Олимпийн наадам бүх тамирчин, Японы ард түмэнд ч аюулгүй байх болно” гэв.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас Токио хот болон есөн мужид тогтоосон онц байдлыг тавдугаар сарын 31 хүртэл сунгаад буй.
Эх сурвалж: BBC