Мьянмарын хунтаас томилогдсон Сонгуулийн хороо Аун Сан Су Чигийн "Ардчиллын төлөө үндэсний лиг" намыг өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон сонгуулийг луйвардсан гэх шалтгаанаар татан буулгана гэж өнөөдөр мэдэгдлээ.
Сонгуулийн хорооны дарга Тейн Со энэ талаар мэдэгдэл хийхдээ “Сонгуулийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан тул тус намын бүртгэлийг хүчингүй болгож татан буулгахаар боллоо. Мөн уг хууль бус үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг урвагч гэж үзэж арга хэмжээ авах болно” гэжээ.
Мьянмарын арми өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдөр дээрх шалтгаанаар төрийн эргэлт хийж, засгийн эрхийг авсан. Гэвч тухайн үеийн Сонгуулийн хорооноос тэдний гомдлыг хүлээн аваагүй юм. Өдгөө 75 настай Аун Сан Су Чи цагдан хоригдож байгаа бөгөөд түүнд “сонгуулийг луйвардсан” гэх үндэслэлээр шүүхээс ял оноогоод байгаа юм.
Энэ хугацаанд түүнийг өмгөөлөгчидтэй зөвхөн аюулгүй байдлын ажилтнуудыг байлцуулан видео холбоосоор дамжуулан ярихыг зөвшөөрчээ. Мөн түүнтэй хамт татан буугдсан Мьянмарын Ерөнхийлөгч асан Вин Минт хамт хоригдож байна.
Мьянмарын арми засгийн эрхийг булаан авснаас хойш 800 гаруй хүнийг хөнөөсөн гэж Улс төрийн ялтнуудад туслах нийгэмлэгийн идэвхтнүүдийн бүлэг мэдээлжээ
Эх сурвалж: CNN