Улсын хэмжээнд дархлаажуулалтын хоёр дахь тунг хийлгэсэн 2160 иргэн коронавирусийн халдвар авсан талаар ЭМЯ-ны мэдээллийн үеэр хэллээ.
Халдвар авсан хүмүүсийн 92 хувь нь хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоног дотор халдвар авсан бол найман хувь нь 14-21 хоног дотор халдвар авсан байна.
Харин вакцин хийлгэснээс хойш 21-ээс дээш хоносон иргэнээс халдвар илэрсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн ч 21 хоногоос дээш хугацаанд дархлаа тогтоно.
Иймд амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, олон нийтийн газраар аль болох явахгүй байх, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгааллын уламжлалт дэглэмийг үргэлжлүүлэн сахихыг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эхний тунд хамрагдсан хүний тоо 1.8 сая, бүрэн тунд хамрагдсан хүний тоо 685 мянгыг даваад байна.