Японы эмч нар Олимпийн наадмыг хойшлуулахыг шаардаж жагслаа

Японы эмч нар Олимпийн наадмыг хойшлуулахыг шаардаж жагслаа

Коронавирусийн халдварын тархалт эрчимжиж буй, мөн вакцинжуулалт удаашралттай байгаатай холбоотойгоор Японы томоохон хотуудад Токио 2020 Олимпийн наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэж иргэд жагсаж байна. Тэгвэл өчигдөр/2021.05.19/ уг жагсаалд Японы эмч нарын холбоо нэгджээ.

6 мянга гаруй эмч нарын төлөөлөл болсон уг холбоо Олимпийн наадмыг аюулгүй зохион байгуулж чадна гэсэн Засгийн газрын тайлбарыг үл харгалзан, Ерөнхий сайд Ёшихидэ Сугад захидал илгээсэн байна.

Уг захидалдаа “Халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, эмнэлгүүд бараг нөөцгүй боллоо. Хэрэв наадмыг зохион байгуулбал олон мянган тамирчин, хэвлэл мэдээллийн ажилчид хоёрхон сарын дараа Токиод ирэх болно. Тэр үед халдварын тоо, нас баралт нэмэгдвэл Япон улс хариуцлагыг хүлээх болно. Тиймээс тэмцээнийг цуцлах нь зүйтэй” гэжээ.

Тус улсад өдөрт дунджаар 6000 орчим COVID-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 126 сая хүн амын 3.5 хувь нь вакцинд хамрагджээ. Ерөнхий сайд Суга баасан гарагт Токио болон бусад хэд хэдэн мужид зарласан онц байдлын хугацааг 5-р сарын 31 хүртэл сунгахаа мэдэгдсэн.

Нөхцөл байдал хүндэрч буй энэ үед олимп зохион байгуулахыг тус улсын иргэд эсэргүүцсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японы өдөр тутмын томоохон хэвлэл болох “Асахи Шимбум” сонины явуулсан судалгаагаанд оролцогчдын 43 хувь нь “Токио-2020” наадмыг цуцлахыг дэмжсэн бол 40 хувь нь хойшлуулах хүсэлтэй байна гэжээ. Түүнчлэн 370 мянга гаруй хүн олимп зохион байгуулахыг эсэргүүцэж гарын үсэг зураад байгаа аж.

Эх сурвалж: Forbes