Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд өөрийгөө н.Мишээл гэж танилцуулсан нэгэн бүсгүй найзтайгаа хамт live хийхдээ “нэр бүхий УИХ-ын гишүүн өөрийг нь коронавирусийн халдвар авсныг мэдээд харьцаагаа тасалсан” талаар ярьсан нь олны анхаарлыг багагүй татсан билээ.
Бичлэгийн дараа тус УИХ-ын гишүүн хэн байв гэдэг асуулт үлдэж, хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлж эхэлсэн. Мөн “тавилттай жүжиг” гэж мэтгэх хүмүүс ч байв.
Тус бичлэг дээр гарсан П.Урангуатай холбогдож учир явдлыг асуухад “уг live нь контентын нэг хэсэг байсан” гэж хариулсан юм. Тиймээс бид контентын агуулга болон лайв хийх болсон зорилго, бичлэг цацагдсаны дараах үйл явдлын талаар түүнтэй ярилцлаа.
-СЭТГЭЛ ЗҮЙН БЭЛТГЭЛТЭЙ БАЙСАН Ч ЗҮС ТАНИХ ХҮМҮҮСЭЭС ХАРААЖ, ДАРАМТАЛСАН ЧАТ ИРЖ ЭХЭЛСЭН-
-Амралтын өдөр таны найзтайгаа цацсан бичлэг олон нийтийн сүлжээнд нэлээдгүй шуугиан тарилаа. Уг лайв нь тавилттай жүжиг байсан гэх яриа ч гарсан. Яагаад тийм лайв хийсэн юм бэ?
-Анх н.Очхүү гэдэг хүн надтай холбогдоод “контент хийх гэж байгаа юм, орох уу” гэж санал тавьсан. Контентын санаа зорилгыг нь сонсоод таалагдсан учир орохоор шийдсэн. Контент ямар ч давталтгүйгээр бараг шууд явсан. Хоёр удаа бичлэг яваад л сүүлийн бичлэгээрээ контентоо хийсэн. Харин лайваа нэлээн бодож, ямар сэдвээр хийх вэ, яах вэ гэж ярилцсаны эцэст санааг нь олсон. Хуурамч хаягаас лайв дөрвөн удаа явсан. Лайв явахаас өмнө туршилтаар хоёр удаа бичлэг хийж үзсэн. Ингээд сүүлийн лайваа цацаад өмнөх гурван лайваа устгасан. Мэдээж лайв хийж байхад ямар ч хүн үзээгүй.
-Таньд санал тавьсан гэж байна. Та ямар мэргэжилтэй юм бэ?
-Намайг үзэн ядсан, хараасан, дарамталсан, доромжилсон хүмүүс олон байгаа болохоор яг хаана ажилладаг, ямар мэргэжилтэй гэдгээ тодорхой хэлмээргүй байна, уучлаарай. Харин жүжигчин бол биш ээ. Жүжигчний мэргэжилд сонирхолтой, дуртай. Ганц хоёр зураг авалт, нэвтрүүлэг, клипэнд орж ажиллаж байсан. Харин хамт бичлэг хийсэн охин маань жүжигчин мэргэжилтэй.
-Контентын талаар яръя. Яг ямар нэртэй, ямар зорилготой контент байсан юм бэ?
-“Positive power” буюу “Эерэг хүч” гэдэг фейсбүүк пейж дээр тавигдсан байгаа. Контентын гол зорилго нь цахим орчинд бүгдээрээ эерэг хандлагатай байцгаая. Ямарваа нэгэн мэдээллийг хүлээн авахдаа шүүлтүүртэй хандацгаая. Мэдээ биднийг сонгож биш бид мэдээгээ сонгож үзэх ёстой шүү гэдгийг хүмүүст ойлгуулах зорилготой байсан.
-Ийм утга агуулгатай лайв цацаж контентоо таниулъя гэж анхнаасаа төлөвлөсөн байсан уу.
-Мэдээж контентоо шууд цацсан бол бид нарын хэлэхийг хүссэн, харуулахыг зорьсон зүйл хүмүүст хүрэхгүй байсан гэж бодож байна. Яагаад гэвэл ихэнх хүн “шар” мэдээг илүү сонирхож үздэг. Тэгээд л массыг татахын тулд “хүнд” сэдвээр лайв хийсэн.
-Хүмүүсийн сөрөг сэтгэгдлийг хэрхэн хүлээн авч байна. Анх лайваа цацахаасаа өмнө сөрөг сэтгэгдэл ирнэ гэдгийг гадарлаж л байсан байх?
-Лайв хийхдээ бид “хар масс”, сөрөг сэтгэгдлийг тооцоолсон. Цацсаны дараа ч бидний бодож байснаар болсон. Тухайн лайвыг хагас сайн өдрийн 18.00 цагт цацсан. Гэтэл бүтэн сайн өдөр бүх зүйл хяналтаас гарч эхэлсэн. Маш олон сайт бидний хийсэн лайвыг өөрсдийн пейж дээр байршуулсан байсан. Сэтгэл санаагаар унана гэдгээ мэдээд лайвынхаа сэтгэгдлүүдийг нэг ч уншаагүй. Сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан ч зүс таних хүмүүсээс харааж, дарамталсан чат ирж эхэлсэн. Фейсбүүкийн найзууд ч доромжилсон маягаар маш олон шэйр хийж “сэвж” эхэлсэн. Тэдгээрийн дийлэнх нь эмэгтэйчүүд байсан. Зарим хүн амнаас гарамгүй хараалуудыг зүгээр л ус шиг урсгаж байсан. Тэдний дунд 12-14 насны хүүхдүүд хүртэл байсан нь үнэхээр сэтгэл эмзэглэмээр.
-ХҮМҮҮС ЛАЙВ ДЭЭРХ ХОЁР ОХИН ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХГҮЙ БАЙСАН ЮМ УУ ГЭСЭН ӨНЦГӨӨР Л ХАРЖ БАЙСАН-
-Лайв хийснийхээ дараа контентын нэг хэсэг байсан гэдгээ хэзээ мэдэгдэх төлөвлөгөөтэй байсан бэ?
-Хагас сайн өдөр лайв цацагдсан. Бид даваа гарагийн өглөө контентоо “бүүст” хийж цацна гэж төлөвлөсөн байсан. Гэхдээ ийм юм үзэж, ийм л юмаар өөрсдийгөө зугаацуулж мэдээнээс мэдээний хооронд амьдарч байгаа залуучуудыгаа хараад сэтгэл гутарсан.
-Таны хувьд лайв хийх болсон зорилгоо биелсэн гэж бодож байна уу?
-Үндсэн контент маань цацагдсан ч цөөхөн хандалт авсан. Хүмүүс лайв дээр гарсан хоёр охин цааш үргэлжлүүлэхгүй байсан юм уу гэдэг өнцгөөр л хүлээж авсан. Сэтгэгдлүүдийг нь уншихад “Зүгээр жүжиг байсан юм уу”, “Та хоёр эсвэл мөнгө аваад тохиролцчихсон юм уу”, “Энэ тэгээд контент болоод хувирчихсан юм уу” гэж байсан. Дараагаар нь зарим сайт миний зургийг инстаграм хаягаас маань татаж аваад нэмж хачирлан бүр хоёрдугаар ангийг нь цацчихсан байсан. Хамгийн эмзэглэсэн зүйл гэвэл найзууд, ойр дотнын хүмүүстэйгээ хамт авахуулсан зургийг маань зөвшөөрөлгүй авч, ил тод гаргасан байсан. Үүнд маш их бухимдалтай байна. Ямар ч холбогдолгүй, гэм буруугүй хүмүүсийг гүтгэж, эх сурвалжгүй, баталгаагүй хуурамч мэдээлэл цацсан. Манай контентын харуулах гэсэн гол зүйл бол энэ. Нөгөө талаар зорилгодоо хүрээд хэт давсан биелэлттэй болсон гэж бодож байна.
-Буруу ойлголттой үлдсэн хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
-Бид хоёр сөрөг сэтгэгдэл хүлээж авах сэтгэл санааны бэлтгэлтэй байсан ч сошиал дарамтад яваад л орчихсон. Хэн нэгнийг харлуулж, буруутгаж, худал мэдээллээр “сэвэхээсээ” өмнө нөгөө талаас нь харж, юманд ул суурьтай хандаасай гэж хүсэж байна. Юмны учиг учир тайлагдтал өөрийнхөө бодлыг бусдад тулгаж бусдыгаа муу юманд битгий уриалаасай. Сошиал дахь хэрэглээндээ хязгаар тавьж, үзэж харах зүйлдээ шүүлтүүртэй хандаасай. Цахим орчин таны орон зай мөн боловч нөгөөтэйгүүр маш олон хүн, насанд хүрээгүй жаахан хүүхдүүд дэлгэцийн цаанаас ажаад л сууж байгаа шүү дээ. Соёлтой биш юмаа гэхэд ядаж эерэг байцгаая гэж л хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
"Positive Power" хуудаснаа нийтлэгдсэн тэдний контент: