Цагаандэлгэр сумын 250 хүнийг дархлаажуулахаар авч явсан "вакцины горим алдагдаж" устгахаар болжээ

Цагаандэлгэр сумын 250 хүнийг дархлаажуулахаар авч явсан "вакцины горим алдагдаж" устгахаар болжээ

Манай улс коронавирусийн эсрэг вакцинд нийслэл төдийгүй хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдээ жигд хамруулж эхлээд байна. Тэгвэл тээвэрлэлтийн явцад вакцины хадгалалтын горим алдагдаж, устгахаар болсон тохиолдол Дундговь аймагт гарсан байна. 

Тодруулбал, энэ сарын 05-ны өдрийн орой 20:00 цагийн орчимд Дундговь аймгийн төвөөс 150 километрийн зайд орших тус аймгийн Цагаандэлгэр сум руу 250 хүнд тарих зориулалттай вакциныг тээвэрлэсэн байна. Гэтэл энэ үеэр хүчтэй цасан шуурч, автомашин цасанд сууж саатан тавдугаар сарын 06 -ны өдрийн 12:00 цагт Цагаандэлгэр сумын төвд иржээ.

Гэтэл 250 тун гурван хайрцаг вакцины хадгалалтын горим алдагдаж, +10, +19, +20 хэмтэй болсон байж. Ингээд хадгалалтын горим алдагдсан тус вакцинуудыг устгахаар болжээ. Иймд вакцины нийлүүлэлт хомс байгаа энэ үед орон нутаг, эрүүл мэндийн газрын удирдлагуудыг вакцины тээвэрлэлтэд хариуцлагатай байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж эхэлжээ.