Энхтайваны гүүрний хөдөлгөөнийг нээлээ

Энхтайваны гүүрний хөдөлгөөнийг нээлээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор ирэх наймдугаар сард хийгдэх байсан Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлын хугацааг наашлуулж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр замыг нээж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энхтайваны гүүрний 7,200 ам метр талбайн зорчих хэсгийг гурван см хэртэй хуулж, шинээр асфальтан хучилт хийсэн. 54 гэрлийн шонг авч, шинэчилж, будаж, гэрэлтүүлгийг бүрэн солилоо.

Энхтайваны гүүрний дөрвөн асарт засвар хийж, өнгийг шинэчилж, сайжруулсан. Гүүрний хоёр талын явган хүний 1,400 ам метр замд олон улсын түвшинд хийгддэг гүйлтийн зориулалтын резинэн хучилт хийхэд замын түүхий эд 400 ам метр  орчим талбайд дутсан. Энэ нь БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомтод зориулалтын бараа, материал саатсантай холбоотой.

Ирэх Бямба гарагт түүхий эд ирэхээр дутсан талбайн резинэн замыг хийж гүйцэтгэнэ. Үлдсэн засварыг хийхэд зам хаахгүй, явган зорчигч мөн явна” гэв.

Түүнчлэн Энхтайваны гүүрний хоёр талын 1,400 метр урт хашлагыг стандартын дагуу 2-3 давхарлан буджээ. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор түүхий эдийн нөөц хангалтгүй байснаас гадна Энхтайваны гүүрний замын эвдрэл төлөвлөснөөс их байсан учраас резинэн замын түүхий эд хүрээгүйг албаныхан учирлаж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гүүрэн байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулах ажилд гар бие оролцож, сэтгэл гаргасан аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ. Тэрбээр “Улаанбаатар авто замынхандаа баярлалаа, сайн ажиллалаа. Ажлыг үр дүнтэй, ачаалал дааж хийж чадаж байна. Ажилсаг, шуурхай хамт олон юм” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс