Польшийн эрдэмтэд анх удаа жирэмсэн байхад нь занданшуулсан муммиг Египетээс илрүүлжээ. Тодруулбал, Варшавын төслийн хүрээнд эрдэмтэд хэд хэдэн муммиг тусгай сканнер төхөөрөмжийн тусламжтай судлахад нэгэн муммигийн хэвлий хэсэгт жижигхэн хөл байсныг анзаарч жирэмсэн эмэгтэй байсныг нь тогтоосон аж. Үүнээс өмнө эрдэмтэд тус муммиг эрэгтэй гэж тодорхойлж байжээ.
Эрдэмтэд муммигийн боолтыг авалгүйгээр компьютер томографад харахад нарийн араг ясны бүтэцтэй, буржгар урт үстэй байсныг тогтоожээ. Судалгааны багийнхан муммиг 20-30 настай байхдаа нас барсан, мөн жирэмсний 26-30 долоо хоногтэй байсан гэж үзэж байна.
Варшавын мумми төслийг үндэслэгч Войтек Эжсмондийн хэлснээр муммиг анх 1826 онд Польшид авчирсан бөгөөд 1917 оноос хойш музейн үзмэрээр тавьсан байна.
Археологичид судалгааныхаа ажлыг нэгтгэн дүгнэж, тун удахгүй хэвлүүлэхээр бэлтгэж байгаа аж.
Эх сурвалж: CNN