Сонгуулиа угтахгүйгээр Дарханы замын ажлыг 2017 онд эхлүүлсэн бол 69 хүн амиа алдахгүй байв

Сонгуулиа угтахгүйгээр Дарханы замын ажлыг 2017 онд эхлүүлсэн бол 69 хүн амиа алдахгүй байв

Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замыг бүрэн шинэчлэх ажил ид өрнөж байгаа ч төлөвлөгөөнөөсөө 15 хоногийн хоцрогдолтой явж байгаа тухай албаныхан мэдээлсэн.

Энэ чиглэлийн замыг шинэчлэх засах тухай яриа аль 2014 оноос эхэлж байв. Одоогоос хоёр жилийн 2017 оны зургадугаар сард Дарханы замыг дөрвөн эгнээтэй болгож, стандарт хангасан нэгдүгээр зэрэглэлийн зам тавьж, 2018 онд ашиглалтад оруулна хэмээн замын ажлын нээлтийг ч хүртэл эрх мэдэлтнүүд хийж зогссон. Тухайн үеийн сайд нь Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ, цемент бетон хучилттай, олон түвшний огтлолцолтой болгох зураг төсөл хийлгэсэн байдаг аж. Гэтэл төд удалгүй  зураг төслийг нь олон түвшний огтлолцолгүй болгон өөрчилж, асфальтан хучилттай зам тавихаар болсноос хойш саатсаар өдгөө 2019 онтой золгожээ.

-ДЭЛХИЙН ХААНА Ч 80 СМ ЗУЗААН ЗАМ БАЙХГҮЙ, Б.ЭНХ-АМГАЛАН САЙД АА!-

Үүний учрыг зарим нь “Дархан чиглэлийн зам бол зөвхөн ирэх сонгуульд зориулсан ажил.  Уг нь 2016 оны мөрийн хөтөлбөртөө тусгасан ч, У.Хүрэлсүхийн Засгийн газар Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг УИХ-ын 2020 оны сонгуулиас өмнө ашиглалтад оруулж, оноо авахаар ажиллаж байна” гэж шүүмжлэх болсон. Харин хоёр хоногийн өмнө Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн хийсэн мэдээлэл энэ шүүмжлэлийг улам бататгах шиг болов. Тодруулбал, тэрбээр дэлхийн хаана ч байхгүй замыг Дархан чиглэлд хийж, барьж байгаа юм шигээр олон нийтэд таалагдах, оноо авах гэсэн зүйл ярив.  

Тэрбээр, “Дарханы зам бол 82 жилийн настай зам. Одоогийн байдлаар энэ замыг чанар муутай, талхан дээр масло түрхсэн юм шиг зам болж байна гэж яриад байгаа. Тийм биш. Суурины доод үе нь гэхэд 30 см. Цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 20 см. Цементэээр бэхжүүлсэн буталсан чулуу нь 20 см. Асфальтан битон хучилт 10 см. Тэгэхээр 80 см зузаан зам болно. Урт настай зам болно гэж бодож байна. Дарханы зам 11 сард дуусна” хэмээн мэдэгдсэн юм.

Одоогоор дэлхийн хаана ч 80 см хэмжээтэй зузаан хатуу хучилтат хар зам байхгүй. 21 дүгээр зууны Монголчууд 5 см зузааныг, 80 см зузаанаас ялгахтайгаа болчихсон.

Хэлбэрдэж олон нийтэд таалагдах гэж зогсох биш, эвдрэлтэй замаа хурдан ашиглалтад оруулах шаардлага бий. Өндөр ачаалалтай үед эл замаар өдөрт 7000 машин, жирийн үед дунджаар 3000-4000 машин зорчдог. Замын муугаас үүдэж олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсон.  2016 онд энэ чиглэлийн замд 165, 2017 онд тус зам дээр хүнд гэмтэл авсан 34 осол гарсан бол сүүлийн гурван жил 231 удаагийн осол гарч 69 хүн амь насаа алдсан харамсалтай тоон мэдээлэл байна.

Сонгууль дөхөөд ирэхээр хийж бүтээж буй дүр эсгэхийн оронд 2017 эхлүүлж, 2018 онд нээлт хийсэн шигээ эхлүүлсэн бол олон зуун хүн эрүүл мэндээрээ хохирч 69 хүн амь насаа алдахгүй байлаа. Бүх зүйлийг сонгуульд зориулж ярьдаг, бас сонгууль дөхүүлж хийдэг нь харамсалтай.

Улаанбаатар- Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажил 2017 онд хугацаандаа эхэлж чадаагүй асуудалд хэнд хариуцлага тооцох ёстой вэ

Нийт: 0 саналтай




Улаанбаатарт 3 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ