Ж.Бат-Эрдэнэ: ЖДҮХС-д хоёр их наяд төгрөг буюу их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна

Ж.Бат-Эрдэнэ: ЖДҮХС-д хоёр их наяд төгрөг буюу их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна

УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Засгийн газраас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хоёр их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байна. Та Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргын хувьд энэ зээлийн үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ?

-Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд төгрөгийн хөтөлбөр нь эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа тогтворжуулах зорилготой. Эдийн засгаа тогтворжуулахад гол анхаарсан зүйл нь жижиг дунд үйлдвэрт хоёр их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон явдал. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргын хувьд би өмнө нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх санаачлага гаргаж ажилласан. Жил гаруйн өмнө ЖДҮХС-тай холбоотой олон асуудал үүссэн. Тиймээс ЖДҮХС-гийн мөнгийг хуваарилах тодорхой журмыг боловсруулсан. Тус зээлийг олгохдоо тодорхой шалгуурыг дамждаг болгосноор, зээлийн сонгон шалгаруулалт сайн болсон гэж үзэж байна. Хоёр их наяд төгрөгийг жижиг дунд үйлдвэрт зарцуулах гэж байгаа нь их хэмжээний хөрөнгө оруулалт. Тодруулбал, Жижиг дунд үйлдвэрийн салбарыг дэмжих, бизнесийг хөл дээр босгох хэмжээний мөнгө. Энэ хөрөнгө оруулалтыг банкаар дамжуулж байгаа нь эрсдэлийг хааж байгаа хэлбэр. Гэхдээ нэг санаа зовж байгаа зүйл бий. Жижиг дунд үйлдвэр эрхэлж буй бизнес эрхлэгч энэ мөнгийг авч чадаж байгаа юу гэдэг нь гол асуудал юм. Зээл авах хүсэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгчид банкнуудын тавьж буй шаардлагыг хангах эсэх бас чухал.

-Хөнгөлөлттэй зээлийг хэчнээн иргэн, аж ахуйн нэгж авсан бол. Танд мэдээлэл байна уу?

-“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө” зарлагдсанаас хойш 380.6 тэрбум төгрөгийн зээл олгогдсоны 75.3 тэрбум нь ажлын байр дэмжих гурван хувийн хүүтэй зээл байна. Нийт 1208 ажлын байрыг дэмжих зээл олгосны 246 нь Улаанбаатар хотод, 962 нь орон нутагт олгогджээ. Нэг анхаарах зүйл бий. Монгол Улс ямар төрлийн жижиг, дунд үйлдвэр барих юм бэ гэдгийг тодорхой болгох ёстой. Жижиг, дунд үйлдвэр нь импортыг орлож, экспортыг дэмжих шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд тус бодлогыг хэрэгжүүлсэнгүй. ЖДҮХС-гийн мөнгийг бодлогогүйгээр зарцуулж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хоёр их наяд төгрөгийг хүнс, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрүүдэд зарцуулна гэсэн бодлого гаргаж ирэх хэрэгтэй. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлага үүсээд
байна. ЖДҮХС-аас аль салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч түлхүү зээл авч байна гэдгийг судалж, гаргах шаардлагатай. Түүний дараа импортыг орлох үйлдвэрийг илүү дэмжих бодлогыг гаргаж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. 

-Хөнгөлөлттэй зээл зорилтод эзэндээ очиж чадах уу гэдэг эргэлзээ бий. Өмнө нь ЖДҮХС-гийн зээлийг улстөрчид авсан муу туршлага бий шүү дээ?

-Хөнгөлөлттэй зээлийг хэн нэгний нөлөөнд оруулахгүйн тулд арилжааны банкаар дамжуулж олгож байгаа. Банк улстөрч юм уу, бусдын нөлөөнд орох боломжгүй. Харин зээлийн шаардлага хангасан ямар ч иргэн, аж ахуй нэгжид банк зээл олгох учиртай. Нөгөө талаасаа импортыг орлох салбарыг төрөөс дэмжинэ гэдэг бодлогыг хэрэгжүүлж чадахгүй байх талтай.

-Газар тариалангийн салбарт 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон?

-Хаврын тариалалт эхлэх гэж байна. Газар тариалангийн салбарт олгодог хөнгөлөлттэй зээлийг журмын дагуу олгоно. Харин нэг зүйлийг хэлэхэд, энэ зээл нь нэг жилийн хугацаатай олгогдож байгаа нь учир дутагдалтай байгаа юм. Газар тариалангийн салбарын бизнес амжилттай эрхлэхэд нэг жил бус удаан хугацаа шаардана. Тийм учраас жижиг, дунд үйлдвэрт гурван жилийн хугацаатай дээл олгодог жишгээр газар тариалан эрхлэгчдэд зээл олгох шаардлагатай байна. Засгийн газарт саналаа хэлсэн. Засгийн
газар судлаад зээлийн хугацаанд өөрчлөлт оруулах болов уу гэж найдаж байгаа. 

-Банкны тухай хуульд өөрчлөлт орсон. Хуулийн хэрэгжилтийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Гол өөрчлөлт нь банкийг хувьцаат компани болгох, нэг болон нэгдмэл сонирхолтой этгээд 20-иос дээш хувь эзэмшихгүй байхаар тусгасан. Бусад хувийг нь олон нийт хувьцаа хэлбэрээр эзэмших боломжтой. Хуулийн өөрчлөлтөөр банкны удирдлагын менежмент сайжирна гэж ойлгож байгаа. Банк нэг том хувь эзэмшигч эзэнтэй байх нь банкнаас гаргаж буй зээлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт банкны дотоод хяналтын үйл ажиллагааг сулруулдаг. Тийм учраас банк олон нийтийн болсноор дотоод хяналт, үйл ажиллагаагаа сайжруулна гэж үзэж байна. Нөгөө талаар иргэд, аж ахуйн нэгжүүд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд банкнаас зээл хүсэж, бизнесийн бүх санаа, бичиг баримтаа банканд өгдөг. Гэтэл банк тухайн зээлийг олгох боломжгүй гэж харилцагчдаа хариу өгөөд банк өөрөө шинэ төсөл, хөтөлбөрийн санааг нь авч бизнес болгох тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн төсөл, санаачлагыг банк булаах, дээрэмдэх хандлага гардаг. Энэ асуудлыг зогсооход Банкны тухай хуульд орсон өөрчлөлт нөлөөлнө гэж үзэж байгаа.

-“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Түр хороо байгуулагдсан. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэдэгтэй бүгд санал нэгдлээ. Яг ямар өөрчлөлт оруулах ёстой юм бэ?

-Дубайн гэрээ болон Оюутолгойн ордтой холбоотой өмнө нь гарсан алдааг засах удирдамж гарч байгаа гэж ойлгож байна. Нэн тэргүүнд гэрээгээ эргэж харах нь мэдээж. Монголчууд Оюутолгой ордоос 30 орчим жил ашиг хүртэхгүй гэдэг зүйл ярьдаг. Үүнийг засаж, залруулах бодит боломж байгаа юм уу гэдгийг тодорхой болгох ёстой. Энэ маргаан олон улсын шүүхэд тав, арван жил үргэлжлээд, үүгээр улстөржих гэж ажлын хэсэг байгуулагдаагүй. Тийм учраас Монголын эрх ашигт нааштай шийдвэр гаргах эрх зүйн боломж байгаа эсэхийг Ажлын хэсэг судалж дүгнэлтээ гарах хэрэгтэй. 

-Та Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. ЕБС, цэцэрлэгийн захирлын томилгоотой холбоотой өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан гэж ойлгосон?

-УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй хамтран Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Боловсролын тухай хуульд 2018 онд өөрчлөлт оруулснаар аймаг, нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргад олгосон нь сонгууль бүрийн дараа улс төрийн халаа сэлгээ хийгдэх нөхцөлийг бий болгосон. Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 70 мянган ажилтан, албан хаагч бий. Энэ хүмүүс сонгуулийн дараа хэлмэгддэг. Даргыг нь нам, улс төрийн өнгө аясаар харж, өөрчилдөг. Үүний нөлөөгөөр боловсролын байгууллага улстөрждөг. Тийм учраас мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулалтаар сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилдог байх ёстой. Аймаг, нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг аймаг, нийслэлийн боловсролын газарт олгохоор хуулийн төслийг боловсруулсан.

-Хаврын чуулганаар Намын тухай хууль, Намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.Улс төрийн намын санхүүжилтийг хэрхэн шийдвэл нам хараат бусаар үйл ажиллагаа явуулж, бодлогын нам болж чадах вэ?

-Улстөрийн намын санхүүжилтийг ил тод болгох нь зүйтэй. Нам, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхэд сайн боловсон хүчний нөөц хэрэгтэй болдог. Боловсон хүчний шалгуурыг ямар нэг санхүү, мөнгөтэй холбохгүйгээр, мэргэжил боловсролыг нь тэргүүнд тавьж тухайн салбарт нь томилгоо хийдэг байх ёстой. Тийм учраас намын санхүүжилтийг ил болгох, УИХ-д суудалтай улс төрийн намын санхүүжилтийг суудлын хувь, тоогоор нь улсаас санхүүжүүлэх байдлаар шийддэг байх тогтолцоо руу орох нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нам цэвэр байх, намын үйл ажиллагаа нээлттэй болох гол үндэс нь санхүүжилтийн асуудал юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой лидер хэр олон байгаа бол?

-Дотооддоо ярилцаж байхад 10-аад хүний нэр гарсан. Энэ хүмүүсээсээ сонгон шалгаруулалт хийж таарна. Олон жил парламентад суусан, төрийн бодлого гаргахад тодорхой туршлага хуримтлуулсан хүмүүс бий. Нэр дэвших боломжтой хүмүүсээ намын Бага хурлаар хэлэлцүүлж, эцсийн шалгаруулалтыг намын Их хурлаар тодруулна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь улс төрийн туршлагатай, улс орныг удирдах чадвартай хүн байх ёстой.