Л.Эрдэнэчимэг: Вакцины зөвшөөрөл өгсөн гэж дээгүүрээ ярьдаг ч одоог хүртэл өгөөгүй байна

Л.Эрдэнэчимэг: Вакцины зөвшөөрөл өгсөн гэж дээгүүрээ ярьдаг ч одоог хүртэл өгөөгүй байна

Манай улс өнгөрсөн сарын 23-наас эхлэн БНЭУ-д үйлдвэрлэсэн “AstraZeneca” вакцинаар иргэдээ вакцинжуулах ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 171 мянга гаруй иргэн вакцинд хамрагдаад байгаа юм.

Харин хувийн хэвшлүүд вакцин оруулж ирэхдээ Засгийн газар болон ЭМЯ-наас зөвшөөрөл авах ёстой бөгөөд энэ талаар “Монос” группын захирал Л.Эрдэнэчимэг ЭМЯ-ны зөвшөөрлийг хүлээж байгаа талаараа твиттер хуудсандаа мэдэгдэж байсан. Тодруулбал, одоогийн байдлаар ЭМЯ-ны Хүний эмийн зөвлөлд эм ханган нийлүүлэх гурван байгууллага коронавирусийн вакцин оруулж ирэх хүсэлт өгснөөс “Монгол эм импекс концерн” 10 мянган тун Спутник V импортлосон байна. Харин “Монос” компаний вакцин нийлүүлэх хүсэлтийг Хүний эмийн зөвлөл хэлэлцэж баталгаажуулсан бол “Ач-Үр”-ийнх хэлэлцээрийн шатанд явж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл “Монос” группын захирал Л.Эрдэнэчимэг өөрийн твиттер хуудсандаа “Монос вакциныхаа зөвшөөрлийг аваагүй. УИХ-ын чуулган дээр Моност зөвшөөрөл олгосон гэж ярьсан гэнэ. Дээгүүрээ өгсөн гэдэг ч доогуураа өгдөггүй. Хэдэн сарын нүүрийг үзлээ” хэмээн жиргэжээ.  “Монос” групп Их Британид үйлдвэрлэсэн “AstraZeneca” вакцинаас 300 мянган тунг оруулж ирэхээ өмнө нь мэдэгдсэн бөгөөд хувийн хэвшлүүд вакцин оруулж ирвэл манай улсын вакцинжуулалтын хурд нэмэгдэх боломжтой талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм.