Э.Тэмүүлэн: Вакцины эхний тунгаа тариулсан ч халдвар авсан тохиолдлууд бүртгэгдсэн

Э.Тэмүүлэн: Вакцины эхний тунгаа тариулсан ч халдвар авсан тохиолдлууд бүртгэгдсэн

Гуравдугаар сарын 18-ны 21.00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 171,535 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгээд байна. Тэгвэл эхний тунг хийлгэсний дараа халдвар авсан цөөнгүй тохиолдол байгаа гэдгийг ЭМЯ-аас мэдээллээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн “Одоогийн байдлаар вакцины эхний тунгаа тариулсан боловч халдвар авсан цөөн тохиолдол бүртгэгдсэн байна. Вакцины эхний тунгаа хийлгэсэн гэдэг нь дархлаа тогтсон гэсэн үг. Вакцин хийлгэсэн ч халдвар авах эрсдэл хэвээр байна. Хоёр дахь тунгаа бүрэн хийлгэснээс 14 хоногийн дараа тухайн вакцины дархлаа тогтдог.

Гэхдээ вакцины бүрэн тунг авсны дараа дархлаа тогтоно гэдэг нь тухайн өвчнөөс 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш. Нэг зүйлийг анхааруулахад ямар улсад үйлдвэрлэсэн, ямар вакцин гэдгээс үл хамаарч, одоо хэрэглэгдэж буй бүх вакцин өвчлөл хүндрэх, нас баралтаас сэргийлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Вакцины эхний тунгаа авсны дараа халдвар авсан тохиолдолд яг л шинээр халдвар авсан хүмүүстэй адил байдлаар шуурхай арга хэмжээний багийн ажилчид тухайн хүний биеийн байдлыг үзэж, эмнэлэгт очих, эсвэл гэрээр эмчлүүлэх эсэхийг шийднэ. Харин дараагийн тунг хэзээ авах эсэхийг халдварын нөхцөл байдал, хоёр тунгийн хоорондох зай, эмнэл зүйн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлээс хамаарч тодорхойлно" гэв.