Өндөр настай,  зүрх нь өвддөг иргэнийг ЗОЧИД БУУДАЛД ганцааранг нь тусгаарласнаас амиа алдсан уу

Өндөр настай, зүрх нь өвддөг иргэнийг ЗОЧИД БУУДАЛД ганцааранг нь тусгаарласнаас амиа алдсан уу

Коронавирусийн халдвар гарч манай улс иргэддээ хилээ хааснаас хойш тусгаарлалтын байранд олон хүн амь насаа алдсан билээ. Тухайлбал, энэ сарын 15-нд л гэхэд Хан-Уул дүүрэгт байрлах “Монголика” зочид буудалд тусгаарлагдаж байсан 70 настай иргэн амиа алдсан талаарх мэдээлэл гараад байгаа юм. 

-ТАЛИЙГААЧИЙГ ТӨВ АЙМАГТ ГАНЦААРАА АМЬДАРДАГ ХЭМЭЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД МЭДЭЭЛСЭН Ч ТУС ИРГЭН НЬ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ НӨХӨР ХҮҮХДИЙН ХАМТ АМЬДАРДАГ БАЙЖЭЭ -

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэвлэлд тайлбар өгөхдөө “тухайн иргэн нь Төв аймагт оршин суух хаягтай 70 настай, эмэгтэй байсан. Энэ сарын 11-нд Төв аймагт батлагдсан тохиолдолын ойрын хавьтал болсон учраас “Монголика” зочид буудалд авчран тусгаарласан. Улмаар маргааш нь PCR шинжилгээ авахад сөрөг буюу халдваргүй гарсан ч Төв аймагт ганцаараа амьдардаг мөн ойрын хавьтал байсан учраас зайлшгүй долоо хоног тусгаарлах шаардлагатай байсан юм.

Тусгаарлах байранд ирэх үед нь сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч ирж үзээд хөнгөн хэлбэрийн ой тогтоолт алдагдалттай, хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй байна гэсэн дүгнэлт үйлдсэн.

Өдөрт  4-5 удаа эмч тогтмол үзлэг хийж байсан ч өчигдөр /2021.03.14/  гэнэт нас барсан. Хэрэв ар гэрийнхэн нь хүсвэл задлан шинжилгээ хийж нас баралтын шалтгааныг эцэслэнэ. Урьдчилсан дүгнэлтээр  нас барсан шалтгаан нь суурь өвчин байх магадлалтай гэж гарсан” гэж мэдэгдсэн юм.

-ЯМАР НЭГЭН СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТГҮЙ ХАРИН ЗҮРХ НЬ
ҮЕ ҮЕ ӨВДДӨГ ХҮН БАЙСАН-

Харин тус иргэн нь Сонгинохайрхан дүүрэгт нөхөр хүүхдийн хамт амьдардаг ямар нэгэн сэтгэцийн өөрчлөлтгүй хүн байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тэрээр зүрх нь үе үе өвддөг байсан тул ойр хавьдаа дандаа гэр бүлийнхээ хүмүүсийг байлгадаг байжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “сэтгэцийн өөрчлөлттэй хүн байгаагүй, хэрвээ сэтгэцийн өвчтэй хүн байсан бол өмнө нь эмнэлэгт үзүүлж байсан, хяналтанд байдаг гэх мэт бичиг анхнаас нь байх ёстой. Гэтэл шууд тусгаарлагдах байранд ирээд л сэтгэцийн өвчтэй болчихно гэж байхгүй.

Хөгшин настай хүн болохоор гэнэт гэрээс нь авчираад ганцааранг нь нэг өрөөнд тусгаарлачихаар хямарч, сэтгэлээр унасан байх. Хэд хэдэн удаа эмч нараас тусламж хүссэн гэсэн” гэж мэдээлж байгаа юм.

Мөн тус буудалд тусгаарлагдаж байгаа иргэнээс энэ талаар тодруулахад “Бидний амгалан тайван байдлыг алдагдуулах ч юмуу ямар нэгэн байдлаар хүн орилж, хашгирч байгаа нь сонсогдоогүй. Сэтгэцийн өөрчлөлттэй байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Маш их харамсалтай байна. Хөгшин хүнд ганцаараа байхад эвгүй байсан байх. Хоол унд нь ч тохироогүй байж магадгүй” хэмээн мэдээлсэн юм. Ямартай ч одоогоор талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийгдээгүй бөгөөд коронавируст халдварын шинжилгээний хариу гарсны дараа үзлэг хийхээр хүлээгдэж байгаа аж.

Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар “Талийгаач нь тусгаарлалтад ирсэн цагаасаа эхлээд “Би бүгчимдэж байна. Зүрх өвдөөд байна, өлсөж байна” хэмээн уйлдаг байсан боловч эмч, эмнэлгийн ажилтнууд түүнийг тоогоогүй. Түүгээр ч зогсохгүй “Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа учраас охиныг чинь 500 мянган төгрөгөөр торгоно” хэмээн сануулдаг байсан. Талийгаач тухайн өдөр нас барахаасаа өмнө буюу оройн 18:00 цагийн орчимд эмч нараас тусламж хүсэж орилсон боловч эмнэлгийн ажилтнууд түүнд ямар нэг тусламж үзүүлээгүй гэх. Талийгаачийн байрлаж байсан өрөө дөрөвдүгээр давхарт байсан учраас түүнийг эргэж очилгүй байсаар нас барснаас нь хойш хоёр цаг орчмын дараа мэдсэн байна” хэмээн мэдээлж байгаа юм. Үүнээс харахад Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээлэл эх сурвалжийн мэдээллээс зөрж байгаа бөгөөд дээрх явдлаас үүдэн тусгаарлах байрнуудын орчин нөхцөл, эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудал дахин яригдах шаардлагатай болоод байна.