Д.Бадамцэцэг: Монголд эрэгтэйчүүдийн асуудлыг огт тоодоггүй байхад яагаад эмэгтэй хүн тэр асуудлыг нь хөндөж болохгүй гэж

Д.Бадамцэцэг: Монголд эрэгтэйчүүдийн асуудлыг огт тоодоггүй байхад яагаад эмэгтэй хүн тэр асуудлыг нь хөндөж болохгүй гэж

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын Эрэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Бадамцэцэг гэх тайлбартай “Монгол HD” сувгийн мэдээний хэсгээс авсан зураг олон нийтийн сүлжээнд тавигдаж нэлээдгүй маргаан дагуулав. Олон хүн “Монголын эрэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч эмэгтэй хүн байж болох уу” гэсэн байр сууринаас уг асуудалд хандаж байв.

Угтаа зураг дээрх Д.Бадамцэцэг гуай бол Монголын Эрэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч бус гүйцэтгэх захирлаар 13 жил ажилласан нэгэн. Үүгээр ч зогсохгүй хамгийн анх эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаар зориг шулуудаж уг холбоог үүсгэн байгуулсан хүн юм. Бид олон нийтийн сүлжээнд үүссэн буруу ойлголтыг залруулахаар, нөгөөтээгүүр Монголд эрэгтэйчүүдийн эрх хангагдаж чадаж байгаа эсэх, эрэгтэйчүүдийн эрхийн дархлааг хэрхэн бий болгох талаар ярилцах зорилго “өвөртлөн” Д.Бадамцэцэг гуайтай уулзсан юм.

СОНСОХ:

-МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ГЭДГИЙГ “ЕРӨНХИЙЛӨГЧ” ГЭЖ АНДУУРЧ БИЧСЭНЭЭС ЭНДҮҮРЭЛ ҮҮССЭН-

-Монголын эрэгтэйчүүдийн холбоо хэзээ байгуулагдсан юм бэ. Та анх энэ холбоог үүсгэн байгуулах санааг гаргаж байсан юм байна. Холбоо байгуулагдсан түүхээс хоёулаа яриагаа эхэлье?

-Монголын эрэгтэйчүүдийн холбоо анх 2003 онд байгуулагдсан. Тухайн үед би гадаадад нэлээд хэдэн жил амьдарч байгаад Монголдоо ирсэн юм. Эх орондоо ирэхэд манай улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн байдал их ялгаатай санагдсан. Тэгээд л эрэгтэйчүүдийн холбоог байгуулах санаа төрж, холбоог дэмжих хүмүүстэй уулзаж ярилцан, судалгаа хийсний эцэст анх долоон эрэгтэй, долоон эмэгтэй гишүүнтэйгээр Монголын эрэгтэйчүүдийн холбоог байгуулж байлаа. Холбооны анхны тэргүүнээр Монголын хилийн цэргийн хошууч генерал Я.Пүрэвдорж сонгогдож байсан бөгөөд өнөөг хүртэл ажиллаж байна.

-Монголын анхны эрэгтэйчүүдийн холбоо гэдгээрээ их онцлог санагдаж байна. Анх холбоо үйл ажиллагаандаа ямар зорилгыг чухалчилж байв?

-Бидний хамгийн гол зорилго бол Монгол эр хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, мөн эрэгтэйчүүдэд хамгийн их тулгамддаг эрүүл мэнд, ёс суртахууны асуудалд дэмжин туслах, эрэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх юм. Манай холбоо анх байгуулагдсан цагаасаа энэхүү зорилгуудыг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тухайлбал, 2008 онд Эрэгтэйчүүдийн анхны чуулганыг, 2013 онд хоёрдугаар чуулганыг тус тус зохион байгуулж байсан. 2004 онд аав хүний үнэлэмж, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн дунд судалгаа явуулж, наймдугаар сарын 8-ыг Аавуудын баярын өдөр болгох санаачилгыг анх гаргаж байлаа. Ингээд 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголчууд наймдугаар сарын 8-ныг Аавуудын өдөр болгон тэмдэглэж байна. Манай орны хувьд аавуудын өдрийг тэмдэглэдэг дэлхийн 18 дахь орон болсон. Мөн найман аймагт эрэгтэйчүүдийн холбоог байгуулсан. Энэ хугацаанд бидний хийсэн гол ажил бол эрэгтэйчүүдэд тулгамддаг асуудлуудыг хөндөж нийгэмд гаргаж ирснээрээ мөн гарц шийдлийг эрэлхийлснээрээ Монголын түүхэнд анхдагч болж үлдсэн гэж би боддог.

-Олон нийтийн сүлжээнд “Монголын Эрэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Бадамцэцэг” гэсэн тайлбартай зураг нэлээдгүй түглээ. Энэ зураг ямар учиртай юм бэ. Та өмнө нь ярилцлага өгч байсан хэрэг үү?

-“Монгол HD” телевизийн ажилчид алдаа гаргасан байсан. Монголын эрэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал гэдгийг Ерөнхийлөгч гэж андуурч бичсэн. Би сүүлийн таван жил ямар ч хэвлэлд ярилцлага өгөөгүй. Олон нийтийн сүлжээгээр тарсан зураг бол таван жилийн өмнө ач хүүгээ хардаг байсан үеийнх. Би “Монгол HD”-ийн сэтгүүлчээс учрыг нь асуухад твиттерээс миний зургийг татаж мэдээндээ оруулсан гэсэн хариу өгч, уучлалт гуйсан. Нэг хүний ажлын алдаанаас цахим сүлжээнд янз бүрээр хэлэгдэж байгаа нь харамсалтай юм.

-Олон хүн Эрэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч/гүйцэтгэх захирал/ эрэгтэй л хүн байх ёстой гэж хүлээж авч, дүгнээд байх шиг байна. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ?

-Манай дүрмээр Ерөнхийлөгч гэж хэлэхгүй, тэргүүн гэж хэлнэ. Манай холбооны тэргүүн бол Жендэрийн холбооны гишүүн, хошууч генерал Я.Пүрэвдорж. Гэтэл олон нийтийн сүлжээнд ташаа ойлголт үүсгэснээрээ энэ хүний эрхэнд ч бас халдаж байгаа юм. Нөгөө талаар эрэгтэйчүүдийн асуудлыг Монголд огт авч хэлэлцдэггүй, ойлгодоггүй, байхад яагаад тэр тулгамдаж буй асуудлыг нь эмэгтэй хүн хөндөж болохгүй гэж. Харин ч надад олон хүн баяр хүргэсэн. Зарим нь над руу залгаж “Та одоо хүртэл ажиллаж байгаа юм уу” гэж асуусан. Би үүнийг сөрөг бус эерэг талаас нь харж байгаа. Хүмүүс манай холбоог үгүйлж байгаа юм байна, энэ байгууллагад Бадамцэцэг гэдэг хүн ажиллаж байсан юм байна гэдгийг мэдэж авлаа шүү дээ. Бид анх Албадан саатуулах, баривчлах төвд сургалт ордог байсан юм. Одоо зарим нь намайг харвал таних байх. Цахим сүлжээнд зураг маань нийтлэгдсэний дараа тухайн үед хориход байсан залуус “Манайд ирж сургалт орж байсан эгч байна” гэж таньж байсан нь надад их сайхан санагдсан.

-ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ХАМГИЙН ИХ ОРХИГДОЖ БАЙНА-

-Та өөрөө эмэгтэй хүн. Гэтэл эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө зүтгэх болсон шалтгаан юу байв. Магадгүй таны мэргэжил нөлөөлсөн юм болов уу гэж бодлоо? 

-Би Боловсролын удирдах газар багшийн сургуулийн үйлдвэрчний хороон даргаар ажиллаж байсан.Үйлдвэрчний байгууллага хүний төлөө ажилладаг. Тэр утгаараа надад эрэгтэйчүүдийн холбоог байгуулах сэдэл өгсөн юм болов уу гэж бодож байна. Би өөрөө монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй.

-Та гүйцэтгэх захирлын албан тушаалаа хэзээ хүлээлгэн өгсөн юм бэ.

-Би Эрэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалыг 13 жил хашсаны эцэст хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш удирдах зөвлөлд ажиллаж байна. Энэ хооронд бас зүгээр суугаагүй ээ/инээв/. 2008, 2019 онуудад эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, ёс зүй харилцааны асуудлаар Нийслэлийн гэр бүл хөгжлийн газартай хамтран дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийсэн. 2019 оны сүүлд манай холбооны залуучууд “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал гэр бүлд нөлөөлөх нь” гэсэн сэдвээр томоохон хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Бид хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжөө тухайн үеийн Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооны  дарга буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль гэж байдаг. Энэ хуулийг гаргахад манай Эрэгтэйчүүдийн холбоо маш том үүрэг гүйцэтгэсэн гэж би хардаг. Тухайн үед УИХ-ын гишүүд бүгд татгалзаж байхад бид гишүүн бүрт захидал илгээж, ойлгуулсны хүчинд хоёр хоногийн дараа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийг баталж байсан юм.

-Таныхаар жендэрийн эрх тэгш байдал юун дээр, ямар асуудал дээр алдагдаж байна вэ?

-Жендэрийн эрх тэгж байдал боловсролын асуудал дээр алдагдаж байна. Цар тахлын үед ялангуяа хөвгүүд илүү их хохирч, боловсролоос хоцорж байна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн асуудал. Өнөөдөр Монголд эрэгтэйчүүдийн эмнэлэг, эрэгтэйчүүдийн эмч хэд байдаг билээ. Эрэгтэй хүн ч гэсэн эмчид тогтмол үзүүлэх ёстой шүү дээ. Гэтэл Монгол улс өнөөг хүртэл хангалттай бааз бэлдээгүй нь харамсалтай. Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах  кабинет байгуулах асуудал удаан хугацаанд яригдаж байгаа.  Сүүлийн үед зарим аймаг нэгдсэн эмнэлгийнхээ дэргэд эрэгтэйчүүдийн эмчтэй болсон байна лээ. Энэ бол бидний ажлын нэг зорилго биеллээ олж буйн хэлбэр юм.

-Монголын эрэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Анх үүсгэн байгуулагдсан цагаасаа ямар, ямар шат дараатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна?

-Бид 2006 онд Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газарт санал тавьж, 421-р хорих ангид анхны сургалтуудаа орж байлаа. Үүний дараа 10 гаруй хорих ангид сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулсан. 2010 онд Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Албадан саатуулах, баривчлах төв дээр эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төвийг 2010-2013 онд ажиллуулсан.

  • 2008, 2013 оны чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсролын асуудлыг түлхүү хөндөж, илтгэл хэлэлцүүлсэн. Ерөнхийдөө эндээс үүдэлтэйгээр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал төр засгийн анхааралд очсон гэж хэлж болно. 2008, 2013 оны чуулганаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд бид ЭМЯ-д удаа дараа санал тавьснаар, тухайн үеийн сайд Н.Удвал “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн стратеги” гэдэг бодлогыг гаргаж байсан. Энэ бүхэн анх уг асуудлуудыг хөндсөний үр дагавар.
  • 2009 онд бид НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр эрэгтэйчүүдийн үнэлэмжийн судалгааг хийсэн. Судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 88,5 хувь, эмэгтэйчүүдийн 77 хувь нь Монголд эрэгтэйчүүдийн үнэлэмж алдагдсан гэж дүгнэсэн. Үүний тэргүүлэх шалтгаан нь архины асуудал, архинд донтох хоёрдугаарт, эрэгтэйчүүд өөрсдийн эрүүл мэндэд онцгой анхаардаггүйтэй холбоотой байсан.
  • 2019 онд Жендэрийн үндэсний хороо, Статистикийн төв газар хамтран эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын асуудлаар томоохон суурь судалгаа хийсэн. Уг судалгаанаас харахад эрэгтэй хүмүүсийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага байсан. Эрэгтэйчүүд зүрх судасны өвчин, осол гэмтэл, гаднын нөлөөтэйгөөр нас барах нь түгээмэл гэж судалгаагаар гарсан.

-ХӨВГҮҮДИЙН ХҮМҮҮЖИЛД ААВ, АХ НАР ХАМГИЙН
ИХЭЭР НӨЛӨӨЛДӨГ-

-Монголд эрэгтэйчүүдийн эрх хэр зэрэг хангагдаж чадаж байна вэ. Эрэгтэйчүүдийн эрх хэр дархлаатай байна вэ?

-Монголд эрэгтэйчүүдийн эрх маш их зөрчигдөж байна. Хаана гэж үү. Хамгийн эхэнд шүүх засаглалд. Маш олон залуус хэлмэгдэж, ял эдэлж байгаа гэдгийг бид мэднэ. Хоёрдугаарт, эрэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ялангуяа нөхөн үржихүйн тал дээр хангалттай тусламж, зөвлөгөө авч чадахгүй байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн эмч, эмнэлэг хэд байдаг билээ. Гэтэл эрэгтэйчүүдийн эмнэлэг хэд байна. Үүнээс харахад л мэдэгдэж байна. Гуравдугаарт, хүчний байгууллагад дарамтлуулах, зодуулах асуудал гарч байна. Үүнээс гадна боловсролын тал дээр эрх нь зөрчигдөж байна. Уул уурхайн салбарт зөрчигдөж байна. Уул уурхайн жолооч нар маш олон хоног гэр орноосоо хол, хүнд нөхцөлд ажиллаж байна. Энэ мэт салбар бүрт жендэрийн бодлогууд алдагдаж эрэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байна.

-Тэгвэл эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд бид юу хийх ёстой юм бэ. Бүхий л түвшинд ямар гарц шийдлийг эрэлхийлэх ёстой юм бэ.

-Эрэгтэйчүүдэд тусгайлан зориулсан бодлого хэрэгтэй байна. Зарим хүн “Жендэрийн хууль байхад эрэгтэйчүүдэд зориулсан хуулиар яадаг юм” гэдэг. Гэтэл цөөхөн хэдэн Монгол эрчүүд нь боловсролтой, эрүүл байж гэмээн улс орон хөгжинө шүү дээ. Энэ бүгд бодлогын хүрээнд зохицуулагдах ёстой. Тэгэхээр Жендэрийн хуулиас гадна цогц бодлого хэрэгтэй байгаа юм.  Саяхан Засгийн газраас залуучуудад зориулсан нэг сая төгрөгийн тэтгэлэг бүхий сургалт зохион байгуулахаар болсон шүү дээ. Надад бол энэ илүүц санагдаж байгаа. Үүний оронд үйлдвэр байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Залуучуудад юу юунаас илүү ажлыг байр хэрэгтэй байна. Нөгөө талаар малчин эрэгтэйчүүдийн эрх орхигдож байна. Эрэгтэй хүүхдийг сургуулиас нь гаргаж малчин болгож байна. Малчин аавууд ч өдөр, шөнөгүй халуун зун, хүйтэн борооноор ч малынхаа араас явсаар боловсролоос хоцрогдож байна.

-Та ярилцлагын эхэнд эрэгтэйчүүдийн ёс суртахууны асуудлыг дурдаад өнгөрсөн. Сүүлийн үед хөвгүүдийн хүмүүжилд анхаарах хэрэгтэй талаар нэлээдгүй ярих боллоо. Ер нь эрэгтэй хүүхдийн хүмүүжилд хэн хамгийн ихээр нөлөөлдөг юм бэ.

-Эрэгтэй хүүхдийн хүмүүжилд хамгийн ихээр нөлөөлдөг хүн бол аав, ах нар нь л байдаг. Эрэгтэй хүүхдүүд дээд ангийнхаа ах нарыг харж төлөвшдөг. Гэтэл өнөөдөр эрэгтэй хүүхдүүдэд өөрсдөөрөө үлгэр жишээ болж буй залуус цөөн байна. Ялангуяа улс төрчдөд би шүүмжлэлтэй хандмаар байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэдний зүй бус үйлдэл л гарч байна. Үүнээс хүүхдүүд тодорхой хэмжээгээр үлгэр дууриал авч байдаг. Хөвгүүд дандаа “аав шигээ мундаг болно”, “ах шигээ чадалтай болох юмсан” гэж бодож байдаг. Хөвгүүдийн хүмүүжилд аав нарын үүрэг асар их. Тиймээс хөвгүүдийн хүмүүжилд аав та, ах та хамгийн их нөлөөлдөг гэдгийг санаж, өөртөө дүгнэлт хийгээрэй гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.