ТАНИЛЦ: “АстраЗенека” вакцин тарихыг түр хугацаагаар зогсоосон НАЙМАН улс

ТАНИЛЦ: “АстраЗенека” вакцин тарихыг түр хугацаагаар зогсоосон НАЙМАН улс

Өчигдөр/2021.03.11/ Итали, Дани, Норвеги, Исланд улсууд “АстраЗенека” вакцинаар иргэдийг дархлаажуулахыг түр хугацаагаар зогсоосон. Тэгвэл дөнгөж сая Тайланд улс мөн ийм шийдвэрийг гаргасан талаар BBC агентлаг мэдээллээ. Тайландад төлөвлөгөө ёсоор өнөөдрөөс бүх нийтийн дархлаажуулалт эхлэх ёстой байсан юм.

Тус улсуудын зүгээс “АстраЗенека”  вакциныг  тариулсан  хүмүүсийн  тодорхой  бүлэгт  цус нөжрөх буюу цус бөөгнөрөх шинж тэмдэг  илэрснийг үндэслэн уг шийдвэрийг гаргаад байна. Улмаар нарийн шинжилгээ, судалгааг бүрэн хийж, “аюулгүй” гэх хариу гартал түр хугацаагаар зогсоохоор болжээ.

Мөн Австри  тэдний эгнээнд бичигдэж байна. Тодруулбал, энэ сарын  7-ны өдөр тус улсад “АстраЗенека” (ABV5300) вакциныг тариулсан  сувилагч  нас барсан юм. Тиймээс Засгийн газраас нас баралтын шалтгааныг тогтоох хүртэл вакцины хэрэглээг зогсоогоод байна.

Дани улсын хувьд хоёр долоо хоногийн турш вакцин тарих үйл ажиллагааг зогсоосон бол Исланд, Норвеги улсууд тодорхой хугацаа хэлээгүй байна. Одоогоор Европ даяар 30 гаруй сая хүн уг вакциныг хийлгэсэн гэсэн тоон судалгаа буй. Үүнээс 30 орчим хүнд цусны бөөгнөрөл үүссэн байна. Одоогоор дээрх улсуудаас гадна Эстони, Литва, Люксембург, Латви зэрэг дөрвөн орон тус вакцин тарихыг түр хугацаагаар зогсоожээ. 

Бусад улс ямар байр суурьтай байна вэ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АстраЗенека вакцинаар иргэдээ дархлаажуулж буй хэд хэдэн улс мэдэгдэл гаргаад байна. Тухайлбал, Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг(MHRA) “вакцин нь асуудал үүсгэсэн гэх нотолгоо байхгүй” тул иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалжээ/тус улсад 11 сая гаруй хүн АстраЗенека вакциныг хийлгээд буй/.

Мөн Филиппиний Эрүүл мэндийн газраас вакцинжуулалтыг зогсоох "ямар ч үндэслэл байхгүй" гэж мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт вакцинжуулалтаа эхлүүлсэн Өмнөд Солонгос улс уг асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн ч вакциныг үргэлжлүүлэн хийх бололтой. Тус улсад АстраЗенека вакциныг хийлгэсэн найман хүн нас барсан ч эрх баригчид вакцинтай холбоогүй хэмээн үзэж байна. ДЭМБ уг асуудалд нарийвчлан судалгаа, шинжилгээ хийх ажлын хэсгийг томилсон хэмээн мэдэгджээ.

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: BBC, CNN