Энэ сарын 4-ний өдөр “Амгалан” амаржих газарт НЭМҮТ-ээс эгзэгтэй цэгийн шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн билээ. Үүнээс хойш халдвар нэмэгдэж өнөөдөр 7 болоод байна. Халдвар авсан долоон хүний хоёр нь амаржсан ээж бол бусад нь тухайн эмнэлгийн эмч, сувилагч байгаа юм.
Нэмж тохиолдлууд бүртгэгдсэн учраас тус эмнэлэгт байсан хүмүүсийг дахин ялгаж байгаа аж. Ингэхдээ хавьтал болоогүй, бусад шалтгаанаар эмчилгээ үйлчилгээ шаардлагагүй байгаа 93 ээжийг эмнэлгээс гаргаж гэрийн ажиглалтад байлгахаар болжээ.
Мөн хавьтал болоогүй ч эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүмүүсийг өөр эмнэлэг рүү шилжүүлэх юм байна. Харин хавьтал болсон эмнэлгийн тусламж шаардлагатай хүмүүсийг тус эмнэлэг дотор өөр тасагт шилжүүлэн хэвтүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байна. Одоогоор батлагдсан тохиолдлын хавьтал болсон 90 хүн тус эмнэлэгт үлдсэн. Үүнээс жирэмсэн 16 эмэгтэй, амаржсан 17 эх байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.