ШУУРХАЙ: А.Навальный дэмжигчид эсэргүүцлийн жагсаал хийж, цагдаа нар иргэдийг баривчилж эхэлжээ

ШУУРХАЙ: А.Навальный дэмжигчид эсэргүүцлийн жагсаал хийж, цагдаа нар иргэдийг баривчилж эхэлжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальный Герман /ХБНГУ/-д таван сарын турш эмчлүүлснийхээ дараа энэ сарын 18-ны өдөр буюу өнгөрөгч Даваа гарагт эх орондоо буюу ОХУ-д ирсэн. 

Харин түүнийг Москва дахь Холбооны Шийтгэлийн албаны шуурхай удирдлагын газрын эрэн сурвалжлах ажилтнууд ОХУ-д газардсан даруйд нь баривчилсан юм. Ингээд түүнд Химкинскийн хотын шүүх30 хоног баривчлан саатуулах, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байдаг. 

А.Навальный

Тодруулбал, Шүүх хурал А.Навальныйг саатуулсан цагдаагийн байранд болсон бөгөөд энэ талаар тэрээр “би юу болоод байгааг ойлгохгүй байна. Өмгөөлөгчтэй минь уулзуулахаар камераас нэг минутын хугацаатай гаргасан. Гэтэл энд ирэхэд Химкинскийн шүүх хурал болж байсан. Химкинскийн шүүхийн хуралдаан яагаад цагдаагийн газар болж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна" хэмээн шүүхийн танхимд мэдэгдсэн билээ.

Харин А.Навальныйг даруй суллахыг шаардаж Европын холбооны улс орнууд ОХУ-ын удирдагч В.Путинээс шаардаж эхлээд байгаа юм.

Тэгвэл өнөөдөр ОХУ-ын зарим хотуудад А.Навальныйг дэмжигчид түүнийг суллахыг шаардаж жагсаал зохион байгуулж эхлээд байгаа аж. Иймд жагсагчдыг тус улсын цагдаагийн алба хаагчид баривчлан саатуулж эхэлсэн талаар BBC агентлаг мэдээлжээ. Мөн А.Навальный өмгөөлөгч, хэвлэлийн төлөөлөгч, түүний ойр дотнын зарим хүмүүсийг тус жагсаал болохоос өмнө саатуулсан байна. Ингээд жагсаал, цуглаан болж байгаа хотуудын оршин суугчдыг “гэртээ байх”-ыг ОХУ-ын орон нутгийн удирдлагууд хатуу анхааруулж эхэлжээ. Харин А.Навальный дэмжигчид ОХУ-ын 60 хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалж, тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байгаа аж.