Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д саналаа оруулна гэв

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д саналаа оруулна гэв

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулан өглөө.

Монгол Ардын намын Бага хурлын 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн IX хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир "Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн хугацаанд нь УИХ-д саналаа оруулна" гэлээ.

Үндсэн хуулийн 39.2-т "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна" гэж заасан байдаг.