МАН-ЫН БАГА ХУРАЛ: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 99.2 хувийн саналаар дэмжлээ

2021-01-22 12:25

МАН-ЫН БАГА ХУРАЛ: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 99.2 хувийн саналаар дэмжлээ

МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн 99.2 хувийн саналаар дэмжсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Бага хурлын уур амьсгал нам тайван болсон бөгөөд хоёр гишүүн л "МАН-ыг боловсон хүчнийхээ бодлогод анхаар, намд огт ажиллаж байгаагүй хүмүүсийг дэмжихээ больж сайн ажилласан хүмүүсээ албан тушаалд томил" гэх үгийг хэлжээ. 

Л.Оюун-Эрдэнийн хувьд Засгийн газрын ихэнх сайд нарыг үлдээх талаар илтгэлдээ дурджээ. Мөн заалнаас хэн нэгэн нэрээ дэвшүүлээгүй байна. 

2021-01-22 10:35

МАН-ын Удирдах зөвлөлөөр Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлэхээр боллоо

Өнөөдөр МАН-ын  Удирдах зөвлөлийн хурал болж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын даргын саналыг 100 хувийн саналаар дэмжсэн байна. 

Одоо МАН-ын Бага хурал цахимаар хуралдах гэж байна. Хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжих эсэхээр шийдвэр гаргах юм. 

2021-01-22 08:11

Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарын нэг нь Ерөнхий сайд болох уу

МАН-ын  Бага хурал өнөөдөр /2021.1.22/  11.00 цагт товлогдоод байна. Уг хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. МАН-ын дарга У.Хүрэлсүх Бага хуралд Шинэ Ерөнхий сайдын нэрийг танилцуулж, хэлэлцүүлнэ.

Түүнээс санал болгосон хүнийг Бага хурлаар дэмжих нь нэгэнтээ тодорхой юм. Тодруулбал, МАН-ын тогтолцоо, энэ хүртэл явж ирсэн жишгээр У.Хүрэлсүхийн санал болгосон хүнийг нэг их шүүмжилж, эсэргүүцэх хүн гарч ирэхгүй. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж магадгүй гэх мэдээлэл байна. Мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ч нэр нэлээн өндөр хувьтай яригдаж байгаа аж.

Харин Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томилж магадгүй гэх мэдээлэл байна.

Г.Занданшатарын хувьд 2019 онд УИХ-ын даргаар томилогдож 2020 онд улиран томилогдсон юм. Үүнээс өмнө УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд болон намын удирдах албан тушаалыг хашиж байв.  Улс төрчийнх нь хувьд У.Хүрэлсүхийн багийн гишүүн гэдэг. Ерөөс У.Хүрэлсүх л гэж хүмүүс харна. Учир нь үгнээс нь гардаггүй яг л командаар нь ажилладаг, өөрийн гэсэн шийдэмгий байр, суурийг илэрхийлж чаддаггүйн дээр сул улс төрч гэж улс төрийн хүрээнд дүгнэдэг билээ. Гэхдээ  боловсрол өндөртэй кандидат нь зайлшгүй үнэн.

Харин Ж.Энхбаярын хувьд хорчин, ЖДҮ-чин гэдэг муу нэртэй нэгэн. УИХ-ын гишүүнээр гурван удаа дараалан сонгогдож, Батлан хамгаалахын сайдын албыг хүртэл хашиж явсан тэрбээр ЖДҮ-ээс зээл авсан асуудалд унаж эцэстээ 2020 оны сонгуульд хүртэл дэвшиж чадаагүй юм. Гэхдээ түүнийг нам нь заавал албан тушаалтай үлдээдэг. Одоо ч Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байна. У.Хүрэлсүх танхимаараа огцрох хүсэлт гаргасныг өчигдөр /2021.1.21/ УИХ-ын чуулгаанаар дэмжиж шийдвэрлэсэн. Тиймээс эрх баригч нам нэгэнт үүссэн нөхцөл байдалд тулгуурлан төрийн залгамж халааг алдагдагдуулахгүйн тулд яаралтай дараагийн Засгийн газрыг томилохоор ийнхүү өнөөдөр Бага хурлаа зарлаж буй. Эндээс гарах шийдвэр олны анхаарлыг ихээхэн татаж хүлээлтийг бий болгоод байна.

Уг хурлаас чухам олны дунд яригдаж буй Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарын хэн нь томилогдохыг анхааралтай ажиглаж байна.

Магадгүй тэс өөр дэвшигч ч тодорч мэдэх юм. Ерөнхий сайдар нэр дэвшигч тодорхой болж, томилогдсоны дараа эрх мэдлийнхээ хүрээнд танхимын сайд нараа өөрөө сонгож УИХ-д оруулж ирэх юм. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших бэлтгэлээ базаахаар огцорсон ч Ерөнхий сайдад өөрийгөө бүрэн төлөалөх нэгнийг томилуулах нь эцэстээ үнэн байх бололтой




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө