СУРВАЛЖИЛГА: Гэрээсээ төөрсөн Н.Биндэрьяа охин босон, суун алхсаар өвлийн шөнийг эсэн мэнд давж чаджээ

СУРВАЛЖИЛГА: Гэрээсээ төөрсөн Н.Биндэрьяа охин босон, суун алхсаар өвлийн шөнийг эсэн мэнд давж чаджээ

Дөнөн үхрийн эвэр хөлдөм дөрвөн есийн хүйтэн эхэлсэн ч малчид хонь малаа бэлчээрлүүлэн, хашаа, хороогоо цэвэрлэн, суух ч завгүй аж төрнө. Улаанбаатар хотод голомтлон гарсан коронавируст халдварын улмаас сургууль, цэцэрлэг хаагдаж хүүхэд багачууд ихэнх цагийг гэртээ өнгөрөөж байгаа бол хөдөөний багачуудын хувьд цэвэр агаарт хонь, малтай тоглож, наадан гүйх боломж дүүрэн. 

Тэгвэл энэ сарын 18-ны өдөр буюу өнгөрөгч даваа гарагт Төв аймгийн Заамар сумын нутагт хонио хариулж яваад, хээр төөрч идэр ес эхэлсэн энэ өвлийн хүйтэн шөнө, бүтэн 13 цагийн турш гэрээ хайн бэдэрсэн эрэлхэг, зоригтой 10 настай Н.Биндэрьяа охинд тохиолдсон явдлыг бид сурвалжилж дараах мэдээллийг бэлтгэлээ. 

-ХЭСЭГ ХОНЬ УУЛЫН БЭЛД ТАСРАН ҮЛДСЭН БАЙСАН ТУЛ Н.БИНДЭРЬЯА ОХИН ДҮҮДЭЭ “ХОНИО ТУУГААД ХАРЬЖ БАЙ” ГЭЖ ХЭЛЧХЭЭД ХЭСЭГ ХОНИНЫ ЗҮГ ЯВААД, ТӨӨРЧЭЭ-

Төв аймгийн Заамар сумын Төмстэй багийн, Өвөр наймган гэх газарт байрлах нэгэн сүрлэг уулын бэлд Н.Биндэрьяа охиных энэ жил өвөлжиж байна. Охины хувьд хичээл нь амарсан тул дүүгийнхээ хамт ээж, аавдаа туслан, хонь, малаа ч сүрхий сайн хариулчихдаг байна. 

Н.Биндэрьяа охин өнгөрөгч даваа гарагийн 13:00 цагийн орчимд бэлчээрт идээшлэх хонио эргүүлэхээр найман настай дүүгийн хамт гэрээсээ гарсан байна. 

Эгч, дүү хоёр инээлдэн гүйсээр хонин дээрээ удалгүй иржээ. Ингээд хонио эргүүлээд, идээшлүүлж байх зуур тэртээ уулын энгэрт хэдэн хонь тасарсан байлтай үлдсэн байхыг Н.Биндэрьяа охин олж хараад, дүүдээ хандаж, “хонио туугаад гэртээ харьж бай. Би тэр хэсэг хонийг туугаад ирье” гэж хэлчхээд тэртээх уулын бэлд байх хэсэг хонины зүг явсан байна. Цаана харагдах цөөн хонь яваад очиход нүдэнд ойрхон харагдах ч, 10 настай бяцхан охин жижигхэн алхаандаа ахдахаар чамгүй хол явсан байжээ. Охин алхсаар уулын бэл рүү ойртсон ч, гэрээсээ нэлээн холдож, нар бууж байхыг ч анзаараагүй байна. 

Ингээд Н.Биндэрьяа охин уулын бэлд бэлчих хэдэн хонь руу хараа тогтоон харвал, цаана нь нэгэн морьтой хүн тус хонио эргүүлэн явах бөгөөд өөрийнх нь хонь биш болохыг охин төдөлгүй ойлгожээ. Мөн Н.Биндэрьяа охин гэрээсээ нэлээн хол явчихсанаа ойлгож, бушуухан харихаар буцаж эргэсэн боловч нар хэдийн шингэж, саяхан дулаахан байсан ойр орчмын газрыг өвлийн хүйтэн жавар яах ийхийн зуургүй нөмрөн авчээ. Охин ч ирсэн газраараа буцаад алхсан ч гэрийн бараа харагдсангүй, бүрэнхий болж, зүг чигээ алдан төөрсөн байна. 

-ОЙ МОДОНД ТӨӨРЧ ЗҮГ ЧИГЭЭ АЛДСАН ОХИН БҮТЭН 13 ЦАГИЙН ТУРШ ИЙШ, ТИЙШ АЛХАЖ ЦУРАМ ХИЙЛГҮЙ ХОНОЖЭЭ-

Харин энэ үед охины ар гэрийнхэн айж сандран 16:00 цагаас хойш тал, тал тийш давхин Н.Биндэрьяа охиныг эрж, хайж эхэлсэн ч охины бараа сураг харагдалгүй байсаар харанхуй болжээ. Улмаар гэрийнхэн нь өөрсдөө хайгаад олж чадахгүйгээ мэдэн, сумаас нэмэлт хүч дуудахаар, гар утасны сүлжээ ордог уулын зүг давхижээ. 

Ингээд Н.Биндэрьяа охины ар гэрийнхнээс Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газрын утсанд шөнийн 00:00 цагийн үед “Охин минь алга болчихлоо. Туслаарай” гэх дуудлага иржээ.

Шөнөдөө хасах 23-30 хэм хүртэл хүйтэрч, өвлийн жавар ид тачигнах энэ үед бяцхан охины амь нас эрсдэлд орсон тухай мэдээг сонссон Заамар сумын засаг даргын тамгын газрын ажилчид эрлийн багийг шуурхай бүрдүүлж, Өвөр наймган гэх газрыг чиглэн ирцгээсэн байна. Эрлийн багт Заамар сумын тамгын газрын 12 ажилтан, Цагдаагийн дөрвөн машинтай 20 гаруй албан хаагч, мөн ар гэр, айл саахалтынх нь гээд 10 гаруй иргэн нэгдэн шөнийн турш ойр хавийг уул, талыг гэрэлтүүлэн охиныг хайсан ч тусыг эс олсон байна. 

Ингээд удалгүй үүр цайж, харагдах орчин сайжирч эхэлжээ. Гэсэн хэдий ч эрлийн багийнхан Н.Биндэрьяа охиныг зогсолтгүй хайсаар байжээ. Харин өчигдөр /2021.01.19/ өглөөний 09:30 цагийн орчимд ойролцоох уулын модон дотор нэгэн жижигхэн хар зүйл бөхөлзөн хөдлөхийг эрлийн багийнхны нэг нь олж харжээ. Ингээд тус газарт яаравчлан очиход Н.Биндэрьяа охин гэрээсээ 5 км-ийн зайд байх модонд төөрч, осгосон байдалтай, эсэн мэнд олдсон байна. Харин Н.Биндэрьяа охин шөнөжингөө /2021.01.18-19 шилжих шөнө/ ойр хавиар эргэлдэж, босон суун алхсаар өвлийн хүйтэн шөнийг эсэн мэнд давж чадсан байжээ. 

-ӨВЛИЙН ЭНЭ ХҮЙТЭН ШӨНӨ Н.БИНДЭРЬЯА ОХИН ХӨДЛӨЛГҮЙ НЭГ ЦАГ Л БОЛСОН БОЛ ОСГОЖ ҮХЭХ АЮУЛТАЙ БАЙСАН-

Энэ талаар эрлийн багт оролцсон цагдаагийн алба хаагчаас бид тодруулахад, “Биднийг очиход охин ийш, тийш олон удаа алхсан, мөн сууж боссон гэмээр мөрүүд цасан дээр тод үлдсэн байсан. Өвлийн хүйтэн шөнө даарч бээрсэндээ хөдлөлгүй суугаад нэг цаг л болсон бол осгож үхэх аюултай. Харин охин нэг ч хором цурам хийлгүй босон, суун алхаж осгож үхэх аюулаас өөрийгөө аварсан нь үнэхээр бахархам санагдсан” хэмээн бидэнд ярьсан юм. 

Шөнийн турш өвлийн хүйтэнд бээрч хоносноос хөл, гар нь хайрагдаж осгосон, халтирч унаснаас хавирга нь эвгүй болсон мөн эцэг, эхээ харан тэсэлгүй уйлах бяцхан охиныг эрлийн багийнхан яаралтай сумын эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд одоо охины биеийн байдал хэвийн сайн байгааг албаныхан бидэнд мэдэгдлээ. Биендээ баймгүй тэсвэр хатуужлыг өөрөөсөө гарган, өвлийн хүйтэн шөнө, орь ганцаараа, хээр талд цурам хийлгүй хонож, осгож үхэх аюулаас өөрийгөө аварсан 10 настай Н.Биндэрьяа охиноор iSee.mn редакц бахархаж байна. Мөн бид зарим иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор, дээрх мэдээллийг бэлтгэлээ.