ГХЯ иргэн нь нас барсан байхад эмгэнэл илэрхийлэхийн оронд өөрсдийгөө өмгөөлөв

ГХЯ иргэн нь нас барсан байхад эмгэнэл илэрхийлэхийн оронд өөрсдийгөө өмгөөлөв

Өнгөрсөн арванхоёрдугаар сард нутаг буцах хүсэлтээ гаргаад байсан Монгол улсын иргэн БНСУ-д нас барсан тухай мэдээллийг өнөөдөр бид хүргэсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус иргэн нь 35 настай бөгөөд нутаг буцахаар тусгай үүргийн онгоц хүлээж байсан гэдэг.  

Тэгвэл уг үйл явдлын талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тайлбар өгчээ. Ингэхдээ маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. 

Тодруулбал, тэрбээр эрдэнэт хүний амь эрсдсэнд эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйхын оронд эсрэгээрээ өөрсдийгөө өмгөөлч "Тус иргэн өнөөдрийн нислэгт багтаагүй байсан" гэдэг тайлбар хэлж, өнөөдөр ирнэ, ирэхгүй гэдэгт л ач холбогдол өгчээ. 

Коронавирусийн халдвар дотоодод тархсан гэх шалтгаанаар УОК-оос 11,12 дугаар сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгүүдийг цуцлахад БНСУ-д удаан хүлээсэн иргэд суулт зарлаж, жагсаал тэмцэл болсноос гадна өлсгөлөн зарлахаа хүртэл мэдэгдээд байв. Учир нь тэд 11 дүгээр сард нутаг буцахаар билетээ захиалж амьдарч байсан гэр, орноо хүлээлгэн өгөөд байсан юм. Гэтэл УОК, Засгийн газраас гэнэтийн шийдвэр гаргаж нислэгүүдийг цуцалснаар ажлаасаа гарч, түрээсэлж байсан байраа хүлээлгэн өгсөн иргэд гудамжинд гарсан билээ.  Иргэд өнөөдөр ч БНСУ-д буй Элчин сайдын яамны гадна жагсаж "Бид нарыг аваач" хэмээн гуйж байна. 

Гэтэл өөрсдийнх нь зохион байгуулалтгүй, хүнд сурталтай шийдвэрээс болж иргэд нь гадны оронд амиа алдсан байхад албаныхан уучлал гуйхын оронд өөрсдийгөө өмөөрч буй нь хэр зохистой үйлдэл, ёс зүй вэ. Өнөөдөр ирэх байсан, үгүй ч иргэн амиа алдсан байна. Талийгаач хоёр сарын туршид тусгай үүргийн нислэг хүлээж эх орондоо очихыг хүсч байж. Гэтэл ГХЯ өнөөдөр ирэх, үгүй асуудлаар маргаж буй нь харамсалтай. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө