Тэмээнээс бусад мал сүргийн тоо, толгой буурчээ

Тэмээнээс бусад мал сүргийн тоо, толгой буурчээ

Монгол улс 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоолжээ. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа тоологдсон байна. Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая буюу 5.5 хувиар, үүүнээс хонь 2.2 сая буюу долоон хувь, ямаа 1.5 сая буюу таван хувь, адуу 122.1 мянган толгой буюу гурван хувь, үхэр 21.8 мянга буюу 0.5 хувиар тус, тус буурсан үзүүлэлт гарсан бол тэмээ 521 буюу 0.1 хувиар өссөн байна. 

Харин Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймгууд болон Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.0-208.2 мянган толгойгоор өссөн үзүүлэлттэй гарчээ. 

Харин малын тооны бууралтад Өвөрхангай аймгийн малын тоо 1164.4 мянга буюу 20 хувь, Баянхонгор 805.0 мянга буюу 17 хувь, Архангай аймгийнх 768.3 мянга буюу 12.5 хувь, Хөвсгөл аймгийнх 539.9 мянга буюу есөн хувь, Дундговь аймгийнх 352.0 мянга буюу есөн хувь, Говь-Алтай аймгийнх 286.9 мянга буюу найман хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Энэ нь зуншлага муу, зуд болж магадгүйтэй холбоотойгоор малчид малаа борлуулсантай холбоотой байна. 

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5500.6 мянган толгой, Хэнтий аймаг 4666.4 мянган толгой, Өвөрхангай аймаг 4479.1 мянган толгой мал тоолуулжээ. Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсэн байна. Харин хамгийн олон малтай сумаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум шалгарчээ. Тус сум 627 мянган мал тоолуулсан байна. Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сум 521.9 мянга, Хэнтий аймгийн Хэрлэн сум 504.4 мянга, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 503.5 мянга, Архангай аймгийн Эрдэнэмандал сум 468.9 мянган толгой мал тоолуулж малын тоогоор тэргүүлжээ. 




Өнөөдөр луу өдөр

54 минутын өмнө