Манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулж, гаднын орнуудаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авах “тусгай үүргийн нислэг”-үүдийн хуваарийг тодорхойгүй хугацаагаар цуцлаад буй. Мөн Улсын Онцгой комисс /УОК/-оос нөхцөл байдлаас шалтгаалж “Ойрын өдрүүдэд гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж чадахгүй” хэмээн мэдэгдсэн.
ВИДЕО ҮЗЭХ:
Тэгвэл өнөөдөр 13.00 цагийн үед “МИАТ” компанийн онгоц “Буянт-Ухаа”-д газардаж, 30 гаруй иргэнийг авчирлаа. Тус онгоц нь каргоны зорилгоор өчигдөр орой /2021.01.03/ шөнийн 01.00 цагийн үед Улаанбаатар-Гуанжоу чиглэлд ниссэн бөгөөд өнөөдөр буцаж ирэхдээ ийнхүү хүмүүсийг авч ирсэн байж болзошгүй байна.
Онгоц газардсаны дараа том оврын автобус ирж тус нислэгээр ирсэн иргэдийг БЗД “Американ-дэнж” хотхоны зүүн талд байрлах “Тэмүүжин” зочид буудалд аваачсан юм.
Мөн цагдаагийн албан хаагчид ч харагдаж байлаа. Бидэнд ирсэн мэдээллээр өчигдөр орой ХӨСҮТ-ийн резидент эмч нарыг “Тэмүүжин” зочид буудалд бэлэн байхыг үүрэгдэж, тус буудалд цуглуулсан байна. Үүнээс өнөөдрийн нислэгтэй холбоотойгоор эмч нарыг бэлэн байхыг үүрэгдсэн гэх хардлагыг төрүүлж байна.
Энэ сарын 6-ны өдөр мөн Сөүл-Улаанбаатар чиглэлд МИАТ компани нислэг үйлдэж, тус нислэгээр цөөн тооны гадаад, дотоодын иргэдийг Монгол Улсад авчирсан талаар бид сурвалжилсан. Үүний дараа УОК-оос маргааш буюу 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлд тусгай үүргийн нэг удаагийн нислэг хийх шийдвэр гаргасан. Харин үүнээс өөр иргэний тээврийн нислэг үйлдэх талаар ямар ч албаны мэдээлэл гараагүй юм. Ямартай ч тус нислэг каргоны зориулалттай эсвэл иргэний агаарын тээврийн нислэг байсныг албаныхан мэдээлэх үлдэж байна.