ИРГЭН Б: “Амар” буудалд тусгаарлагдаж байгаад халдвар авсан иргэд тус буудлаас л авсан

ИРГЭН Б: “Амар” буудалд тусгаарлагдаж байгаад халдвар авсан иргэд тус буудлаас л авсан

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 160 гаруй иргэн ирж, тус иргэдийг хороолол дахь “Амар” зочид буудал болон “Жаргалант” сувилалд хуваарилан тусгаарлаж байсан билээ. Харин тэдний тусгаарлалтын 14 хоногийн хугацаа нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусаж, гэрийн ажиглалтад шилжих байсан ч “Амар”зочид буудлаас халдвар илэрч тусгаарлалтад байсан иргэдийг өөр буудал руу нүүлгэн шилжүүлсэн юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус буудалд байрлаж байсан нэг эмч, таван иргэнээс халдвар илэрсэн байна. Харин иргэдийн зүгээс “олон сар хичээж, тэмцэж гадаадаас эрүүл ирсэн ч тусгаарлах байрнаас халдвар авчихлаа, ”Амар” гэх буудал нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, маш бохир мөн үйлчилж буй эмч ажилчид нь гараа ариутгаж, нэг удаагийн бээлийгээ солидоггүй” хэмээн цахим орчинд ихээхэн шүүмжилж буй.

Мөн тусгаарлах байранд байхад тухайн иргэдэд ямар ч тодорхой мэдээлэл өгдөггүй байсан гэх ба нэгдүгээр сарын 1-ний өдөр тэднийг хааш нь шилжүүлж буй тухай мэдээллийг ч огт хэлээгүй байна. Манай улс анх коронавирусийн халдварыг “Энхсаран” сувиллын газраас дотооддоо алдсан ба халдвар хамгаалалтын дэглэмийг муу баримталсан тус сувиллын газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Бид “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байгаад одоогоор “World Mongolia” буудалд шилжин очоод буй иргэн Б-тэй холбогдож  зарим зүйлийг тодрууллаа.

-ХЭРВЭЭ ХАЛДВАРЫГ БУУДАЛ ДОТРООСОО АВААГҮЙ БОЛ БИДНИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ БАЙСАН, ТУСГААРЛАЛТЫН ХУГАЦАА ДУУСАХ ӨДӨР ГЭНЭТ ХАЛДВАР ИЛЭРСЭН ТАЛААР ХЭЛСЭН-

-Амар зочид буудалд нэг өрөөнд хэдэн хүн тусгаарлагдаж байгаа вэ, ер нь эрүүл ахуй, хоол хүнсний тал дээр хэр байгаа вэ?

-Ихэвчлэн нэг өрөөнд нэг хүн эсвэл гэр бүлээр нь хамт оруулсан. Гэхдээ миний мэдэхээр хоёр танихгүй хүнийг хамт оруулсан нэг тохиолдол байсан.

Эрүүл ахуйн тал дээр үнэхээр хангалтгүй байсан. Жишээлбэл, өрөө болгон хивстэй, хивснүүд нь маш бохир тоос шороотой, өмнө нь байрлаж байсан хүмүүсийн үс үлдсэн, мөн орны доогуур, араар нь маш их тоос шороо гэх мэт бохир зүйлс байсаан. Хоол өдөрт гурван удаа хангалттай хоол өгч байсан боловч амт чанар үнэхээр тааруу, муу махтай хоолнууд байсан. Нэг удаа үнэр орсон мах ч байсан. Бид бол өлсөхийн эрхэнд идэж байгаа юм, харин бага насны хүүхэд тоож идэхгүй ихэвчлэн эргэлтээс авсан боов боорцог, хуурай идэх юм л идсэн. Нэг хоёр настай хүү бүр арваад хоног хоолыг нь идэж чадаагүй, зөвхөн гурилан юм л идсэн тохиолдол ч байна. Бид мэдээж “хүүхдэд хоол таарахгүй байна” гэж хэлсэн боловч хүүхдэд тусдаа хоол хийвэл бантан, каш л хийж өгнө гэсэн. Бантан, кашаа өглөөний цайнд бид нарт өгч байсан юм. Угаасаа тэрийг нь ч иддэггүй юм чинь гээд бид нар дахиж юм хэлээгүй.

-Ирснээс хойш хэдэн удаа шинжилгээ авсан бэ?

-Ирсэнээс хойш гурван удаа шинжилгээ авсан. Дандаа хамарнаас авч байна лээ. Гэхдээ ээж, аавтайгаа явж байгаа жаахан хүүхдийн амнаас аваад байгаа. Энэ бас ямар ч утгагүй санагдсан шүү. Ээж аавынхаа энгэрээс салахгүй явж байгаа хоёрхон настай хүүхдийг уйлуулан барин тэгж авах ямарч шаардлагагүй гэж үзэж байгаа миний хувьд. Яагаад ээж, аавынх нь шинжилгээн дээр үндэслэж болдоггүй юм бэ. Зарим улсад бол тэдээс доош насны хүүхдүүдээс шинжилгээ авахгүй гэж заасан байна лээ./ би насыг нь санахгүй байна уучлаарай/

-БУУДЛЫН ӨРӨӨ ТАСАЛГАА ҮНЭХЭЭР БОХИР, ӨМНӨХ ХҮМҮҮСИЙН УНАСАН ҮСИЙГ Ч ЦЭВЭРЛЭЭГҮЙ БАЙСАН. ХОЁР НАСТАЙ ХҮҮХЭД АРВАН ХОНОГ ХООЛЫГ НЬ ИДЭЭГҮЙ, БООВ ТАЛХ Л ИДСЭН-

-Халдвар авсан таван хүн хаанаас халдвар авсан юм бол? Ирэхэд нь шинжилгээ авсан, давтан шинжилгээгээр сөрөг гарч байсан гэсэн. Тэгэхээр буудалдаа авсан байх магадлал бий юу?

-Үнэхээр тэр таван хүн халдвар авсан бол дотроосоо л авсан. Өөрөөр хэлбэл бид өнгөрсөн хугацаанд хоол тарааж байгаа нэг эмч, эсвэл шинжилгээ авч буй хоёр сувилагч гэсэн хүмүүстэй л зайнаас харьцсан. Мөн бид ирэхдээ бүгд шинжилгээ хийлгэсэн бичигтэйгээ онгоцонд суусан.  Яахав ирэхээсээ өмнө халдвар авсан гэж бодвол эхний хоёр удаагийн шинжилгээгээр гарах ёстой шүү дээ. Учир нь дэлхий дахинд халдварын нууц үе нь 5-7 хоног гэж хэлж, ярьж байгаа. Энэ талаар олон эрдэмтэд “коронавирусийн халдварын нууц хугацаа 5-7 хоног байдаг. Нууц хугацаа гэдэг нь шинж тэмдэг илэрч эхлэх хугацаа. Түгээмэл байгаа шинж тэмдэг нь халуурах, ханиалгах гэх мэт ханиад томуугийн үед гардаг шинж тэмдгүүд байна. Хилээр нэвтэрч байгаа иргэд замдаа халдвар авсан гэж бодоход 7 хоногийн дараа оношлоход халдвар илрэх ёстой. Энэ үед илрээгүй юм гэхэд давтан шинжилгээгээр 3-5 хоногийн дараа илрэх ёстой” гэж мэдэгдэж байгаа. Хэрвээ буудлаасаа халдвар аваагүй байсан бол нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй байсан гэж бодоод байгаа юм. Бид нарыг буудлаас гаргаад өрөөнүүдийг ариутгасан байх. Зөөвөрлөхдөө бол дэглэмээ сайн сахиж, өрөө өрөөгөөр нь зөөж байсан.

-Буудалд тусгаарлагдаж байгаа хүмүүсийг халдвар гарсан учир тусгаарлалтаас гаргахгүй ахиад өөр газар нүүлгэнэ гэж байсан, одоо хаана хэд хоног тусгаарлагдахаар болсон бэ?

-Одоогоор “World Mongolia”, “White house” гэсэн буудлуудад хуваагдаад орсон. Тав хоног дахин тусгаарлана гэсэн дахиж шинжилгээ авч байгаад шийдэх байх гэж бодож байна. Энэ буудлын хоол бол маш сайхан амттай,  чанартай халуунаараа ирдэг гэх мэт өөлөх юм огт байхгүй байна. Гол нь яагаад анхнаасаа ийм шаардлага хангасан буудалд буулгаж болохгүй байгаад асуудал байгаа юм. Ариун цэврийн асуудал дээр ч гэсэн энэ буудал дотроо бүх төрлийн алчуурууд (шалны, аяга тавагны, тоосны гэх мэт) байна. Мөн вок, саван, аяга угаагч бодис ч гэсэн байна. “Амар” зочид буудалд байхад коридорын тоосыг нэг удаа соруулсан. Тэгэхэд би “өрөөний тоос соруулаад өгөөч эсвэл би өөрөө аваад соруулчихаад өгье. Би өөрөө тоосны харшилтай бас 2 настай хүүхэдтэй юм, хивс маш заваан байна” гээд учирлаж гуйхад “тийм юм байхгүй, тэрийг та нар өөрсдөө шийднэ” гэж хэлж байгаа юм даа. Гэтэл ганц удаа л эргэлт оруулсан.  Ганц удаагийн эргэлтээрээ гэрээ нүүлгэж авчирах байсан юм шиг байгаа юм.

-ДЭЛХИЙ ДАХИНД ХАЛДВАРЫН НУУЦ ҮЕИЙГ 5-7 ХОНОГ Л ГЭЖ МЭДЭЭЛЖ БАЙГАА. ХИЛЭЭР НЭВТЭРЧ БАЙГАА ИРГЭД ЗАМДАА ХАЛДВАР АВСАН БОЛ 7 ХОНОГИЙН ДАРАА Л ШИНЖИЛГЭЭГЭЭР ИЛРЭХ ЁСТОЙ-

-Тухайн халдвар авсан хүмүүсийг хэзээ ХӨСҮТ-рүү хүргэсэн бэ?

-ХӨСҮТ рүү хэзээ зөөснийг үнэхээр мэдэхгүй ээ. Бид нарыг 14 хоног хаалгаар ч цухуйлгаагүй шүү дээ. Коридорт хүмүүсийн чимээ гарахаар толгойгоо цухуйлгангуут л “цаашаа ороорой” гэж шаардаж байсан  учир юу ч мэдээгүй. Зарим төв зам руу цонх нь харсан хүмүүс цонхоороо харсан байж магад.

Энэ хугацаанд бид нарын ихээр бухимдаж байсан зүйл бол мэдээллийн дутмаг байдал. Бүх зүйл тодорхойгүй. Бид нар нэгдүгээр сарын 1-нд тусгаарлалтаас гарах байсан. Бид  ч гарна гэж бодоод юмаа бэлдэж байсан. ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээгээр бид нарын тухай юу ч хэлээгүй болохоор бид бүгд сөрөг гарч гээд бөөн баяр болоод гарцгаах нь гэтэл 15:00 цагийн үед “та нарыг өөр буудал руу шилжүүлнэ, та хэдээс нэлээн их хүмүүсийн шинжилгээний хариу эерэг гарсан гэж хэлсэн. Тэр үед бид нарын зүгээс “яг хэдэн хүн эерэг гарсан, хаашаа шилжүүлэх гэж байгаа, ямар учраас шилжүүлж байгаа” гэх мэт маш олон асуулт тавьж байсан боловч нэг ч хүн тайлбар өгөөгүй.

-Та бүхний хоорондоо харилцдаг байсан групп чатыг мөн дээрээс чинь хаасан гэж байсан?

-Тийм ээ, групп чаттай байсан. Гэтэл нэгдүгээр сарын 1-ний өдөр групп чат нээсэн хүнийг сүрдүүлж,  дарамталсан гэж ойлгосон. Тэр хүн бид нарыг “бүгд группээсээ гарчих” гээд бүгд гарсан. Тэгтэл нэг эмэгтэй тэр групп дээр юм бичээд байсан чинь өрөөг нь тогшоод “битгий нийгмийг турхирах гээд бай” гээд загнасан гэсэн.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.