Б.Баярхүү: Байраар шагнуулсныхаа орой гэртээ хариад баярын нулимс унагасан

Б.Баярхүү: Байраар шагнуулсныхаа орой гэртээ хариад баярын нулимс унагасан

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2014 ОН. Хүнлэг сэтгэлээр хүний амь нас аварсан цагдаагийн тухай мэдээлэл фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээнд бичигдэж, иргэдийн талархлын үг, бахархах сэтгэгдлийнх нь хамтаар хөвөрч байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх.

-ХУВИЙН МАШИНААРАА БУСДАД ТУСАЛЖ АМЬ НАСЫГ НЬ АВАРСАН ТҮҮХ-

Тодруулбал,  нэгэн жолооч тээврийн хэрэгслийн дугаар нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүй өдөр хагалгаанд ороод удаагүй биеийн байдал нь тааруу аавдаа эмнэлгийн тусламж авахын тулд  буюу аргагүйн эрхэнд “Улсын III төв эмнэлэг”–рүү явсан байдаг. Гэтэл 10 дугаар хорооллын уулзварт цагдаа зогсоосон бөгөөд нөхцөл, байдлаа тайлбарлахад нь ойлгож хүлээн авахын зэрэгцээ “Таны машины дугаар өнөөдөр явах боломжгүй учир зогсоолд байрлуулчих. Хэрвээ цааш явбал таныг мөн л зогсооно.

Тиймээс миний хувийн машиныг унаж яваад аавыгаа эмнэлэгт үзүүлж, ажлаа амжуулчихаад орой авчраад өгчих” гэж хэлээд машинаа өгөөд явуулсан гэдэг.

Залуугийн хувьд өөрт нь тусалсан цагдаагийн машиныг унан эмнэлэг орж биеийн байдал нь хүнд  аавыгаа үзүүлж, тусламж үйлчилгээ авсны зэрэгцээ хагалгааны боолтыг нь солиулж чадсан юм. Энэ үйл явдлын маргааш нь дээрх залуу олон нийтийн сүлжээнд талархлын үг бичиж, сайхан сэтгэлт цагдаад баярласнаа илэрхийлснээр энэ тухай олон нийт мэдсэн. Харин тус гэр бүлд хүнлэг сэтгэлээр тусалсан цагдаа бол Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч ахлах, ахлагч Б.Баярхүү юм. Ахлах, ахлагч Б.Баярхүү нь энэ үйл явдлаас хойш үүрэгт ажлаа нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ олон хүнд сайхан сэтгэл, хүнлэг чанараар тус хүргэсээр өнөөдрийг хүргэж энэ онд хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлэн хэдхэн өдрийн өмнө “2020 оны Нийслэлийн хөдөлмөрийн аварга” –аар тодорч, түрээслээд өмчлөх орон сууцаар шагнуулсан юм.

 

-ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАРЫГ ИРНЭ ГЭЖ ТӨСӨӨЛӨӨГҮЙ. БАЙРААР ШАГНАСАНД ҮНЭХЭЭР ИХ БАЯРЛАЖ ЦОЧИРДСОНДОО ЮУ Ч ХЭЛЖ ЧАДААГҮЙ-

Амаргүй албанд олон жил зүтгэхдээ хүмүүст чимээгүй тус хүргэж, түүнийгээ хийх ёстой ажил хэмээн даруухан загнаж ирсэн нь цагдаагийн албан хаагчид. Тэдний сайн, сайхныг өөр хэн нэгэн л ил болгохгүй бол дарагдаж, мартагдаад өнгөрөх нь олонтаа. Б.Баярхүү ахлагчид тохиолдсон дээрх үйл явдлыг мөн ялгаагүй иргэн ил болгоогүй бол хүмүүс мэдэхгүй өнгөрөх байв. Ийм сайхан түүх өдөрт хичнээнээрээ гарч, бидэнд мэдэгдэхгүй өнгөрдөг бол.

Ахлах, ахлагч Б.Баярхүүгийн хувьд Тээврийн цагдаагийн албанд 13 жил зүтгэж, энэ онд “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-аар тодорч, Хотын дарга Д.Сумъяабазараас ажлын байран дээрээ өргөмжлөл, шагналаа хүртсэн юм. Түүнийг өчигдөр /2020.12.29/ 22-ын товчоонд албатай байхад нь бид холбогдож өөрт нь тохиолдсон сайхан үйл явдлынх нь тухай сэтгэгдлийг хуваалцлаа.

-Юун түрүүнд танд баяр хүргэе. Хөдөлмөрийн аварга болохоо мэдэж байв уу. Шагнал гардуулах үеийн бичлэгээс харахад та мэдээгүй юм шиг санагдсан?

-Үгүй ээ бүр юу ч мэдээгүй. Энэ сарын 27-ны өдөр 14.00 цагт би “Таван шар”-ын уулзварт ажиллах хуваарьтай байв. Тэгээд л тэнд ажиллаж байтал хэлтсийн дарга дуудаад гүйгээд очтол Хотын дарга Д.Сумъяабазар ирчихсэн байсан. Хотын дарга маань баяр хүргээд өргөмжлөл өгч “Таны тодорхойлолтыг Тээврийн цагдаагийн албанаас явуулсан. Та нийслэлийн хөдөлмөрийн аварга боллоо. Таныг түрээслээд өмчлөх байраар шагнаж байна” гэж хэлсэн. Анх удаа л ийм тохиолдолтой таарсан. Үнэхээр их баярласан. Том сюрприз болж чадсан. Би бүр цочирдож, гайхаад юу ч хэлж чадаагүй. Балмагдаад сандралд орсон. Төр засаг маань намайг өндрөөр үнэлж байраар шагнасанд баярлалаа гэж хэлмээр байна.

-Өнөөдөр /өчигдөр/ байрны тань түлхүүрийг танд гардуулж өгсөн. Байр тань мэдээж таалагдсан байх. Тийм үү?

-Байр таалагдсан. Гурван өрөө байр өгсөн. Өнөөдөр /өчигдөр/ морь цагт Хотын дарга Д.Сумъяабазар байрыг маань хүлээлгэж өгсөн. Маш том дэмжлэг, бэлэг юм. Амьдралд маань мартагдахгүй  сайхан үйл явдал тохиосон. Урьдчилгаагүй, хүү төлөхгүй байранд орж байна. Цаашид байрныхаа үндсэн төлбөрийг төлөөд л явна.

-Баяртай үйл явдлаа гэр бүлийнхэнтэйгээ эхэлж хуваалцсан байх?

-Д.Сумъяабазар даргыг ирж шагнал өгөөд буцсаны дараа би шууд эхнэр, хоёр хүүхэдтэйгээ холбогдсон. Тэгээд баяртай мэдээгээ дуулгахад маш баяртай хүлээж авсан. Манай гурав өмнөөс “Ямар гоё юм бэ” гэж орилоод л /инээв/ орой нь бүгдээрээ гэртээ цуглахад баярын нулимс унагасан. Мэдээгүй байж байгаад шагнуулсан учраас өөртөө итгэхгүй байсан.

-Та одоо хаана амьдарч байна. Өмнө нь байртай болохоор хөөцөлдөж байв уу?

-Хотын баруун захад хашаа, байшинд амьдардаг. Бусдын адилаар л амьдралын анхны гараагаа эхэлж, тэдний жишгийн дагуу л амьдарч ирсэн. Өмнө нь би байранд орох гэж хэд, хэдэн удаа хөөцөлдсөн. Гэтэл шалгуурыг нь хангахгүй байсан учир материал маань буцаагдаж байранд орж чадаагүй юм. Тиймээс одоо байртай болсондоо үнэхээр их баяртай байна.

-Байрандаа хэзээ нүүж орох гэж байна. Бэлтгэл ажлаа битүүхэндээ базаасан биз дээ?

-Юутай ч өнөөдөр түлхүүрээ гардаж авсан. Коронавирустэй холбоотойгоор нэг сарын 6-ны өдрийг хүртэл дэглэмээ сахина. Тэгээд л хөл, хорио тавигдахаар сайн өдөр сонгож байгаад нүүж орно доо.

-Байр бол үнэхээр бодит дэмжлэг. Ажил хийх урам зориг орж, сэтгэл дүүрэн сайхан болсон болов уу?

-Сайхан байрны дэмжлэг авлаа. Маргааш өглөө босоод хувцсаа өмсөөд ажилдаа гарахад сэтгэл хангалуун сайхан байна. Өдөрт өчнөөн олон жолоочтой уулзаж, учирч байгаа ч ажлаа тараад гэр рүү гээ сэтгэл хангалуун харих нь. Ажилдаа тэмүүлэх хамгийн сайхан алхам болж байна. Би хичээн ажиллана.

-Хамт олон тань мөн их баяртай хүлээж авсан байсан. Тэд нарынхаа тухай яривал?

-Хамт зүтгэдэг хамт олондоо баярлалаа. Тэд маань их баяртайгаар хүлээн авсан. Манай Тээврийн цагдаагийн алба их онцлогтой. Өвлийн хүйтэн, зуны халуунд гадаа ажилладаг. Баяр ёслолоор мөн л ажилладаг. Янз, янзын ааштай уур, уцаартай олон жолоочтой ажилладаг. Амьдрал баялаг учраас янз бүрийн л хүмүүстэй таарна. Өвчин, зовлонтой гачигдалтай хүмүүс таарна. Тэр бүрт хуулийн дагуу ажиллаж, торгохоос илүүтэй сануулах арга хэмжээ авч хүнлэг загнахыг хичээдэг. Боломжоороо тусалдаг.

Манайханы хувьд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн учир одоохондоо уулзаж ч чадахгүй ажиллаж байна.

-Улаанбаатарт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед хүмүүст дүрэм, журам сахиулж ажиллахад голлон тохиолдож буй ямар хүндрэлтэй асуудал байна. Гарч буй зөрчлийн талаар хэлбэл?

-QR кодгүй машин унасан иргэд “Энэ дэлгүүр орно. Тэр дэлгүүр орно” гэдэг. УОК, НОК, Эрүүл мэндийн яамнаас өөрт хамгийн ойр хүнсний дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүнээ авахыг зөвлөж байгаа шүү дээ. Гэтэл хүмүүс дэлгүүр явна гэж байгаа. Хөдөө орон нутаг руу ирэх, очих иргэд QR кодгүй мөн шинжилгээний бичиггүй нэвтрэхээр зүтгэж байгаа. “Хөдөө явмаар байна. Хонь, ямааны мах хийчихсэн. Идэшээ авмаар байна” гэж зүтгэдэг. Тухай бүрт хууль ёсны шаардлагаа л тавьж байна даа. Иймэрхүү хүндрэлүүд байна. Тиймээс гэр хорионыхоо дэглэмийг сайтар сахиж аль болох гадуур гарахгүй байгаарай гэж хэлмээр байна. Тэгвэл бид давж чадна.

Ийнхүү бидний ярилцах үед цаана нэг машин нэвтрэхээр завдаж ахлах, ахлагч Б.Баярхүү зохицуулахаар сандарч эхэлсэн юм. Тиймээс бид түүний ажлыг хүндэтгэж ярилцлагаа өндөрлөлөө. Тэрбээр “Өө нэг хүн орно, гарна” гээд байх шиг байна гэсээр утсаа салгалаа.




Өнөөдөр нохой өдөр

14 минутын өмнө