Дахин хоёр хүүхэд цоожтой гэрт галд өртөж амиа алдлаа

Дахин хоёр хүүхэд цоожтой гэрт галд өртөж амиа алдлаа

Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нарангийн голд гэртээ цоожтой үлдсэн хоёр айлын 3-7 насны дөрвөн хүүхэд галын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус хашаанд хоёр айл амьдардаг бөгөөд хэрэг гарсан өдөр хүүхдүүдээ нэг гэртээ цоожлоод ажилдаа явцгаасан хойгуур энэхүү харамсалтай хэрэг болсон юм.

-ХЭРГИЙН ГАЗРААС ТӨМӨР ЦООЖ, ЦАХИЛГААНЫ УТАС ОЛДЖЭЭ-

Гэтэл хоёр хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн гуравдугаар гудамжинд дахин харамсалтай хэрэг гарч 4 болон 6 настай хоёр хүүхэд эндлээ.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн нэгдүгээр хэсгийн гуравдугаар гудамжинд өдрийн 14:27 минутын үед гал гарсан дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан таван минутын дараа буюу 14:32 цагт очиж, 30 минутын дараа галыг унтраасан байна. Гэвч 4 настай эмэгтэй А, 6 настай эрэгтэй А нар галд өртөж нас барсан байжээ. Галын шалтгааныг тогтоохоор тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж хэргийн газраас цахилгааны утас, хаалганы төмөр цоож, мөн хөрсний дээж авсан байна.

Өөрөөр хэлбэл хүүхдүүд харгалзах хүнгүй, цоожтой гэрт байсан гэсэн үг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар урьдчилсан байдлаар цахилгааны утаснаас гал гарсан гэж дүгнэжээ.

-ОН ГАРСААР 9 ХҮҮХЭД ГАЛД ӨРТӨЖ ЭНДЖЭЭ-

Харгалзах хүнгүй, цоожтой гэрт, галын улмаас хүүхэд эндсэн хэрэг энэ онд олон гарлаа. Баянхонгор аймагт энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр бага насны хоёр хүүхэд гэртээ галд өртөж амиа алдав. Мөн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зээлийн барилгын 13 дугаар гудамжинд нэг айлын 1-5 насны гурван хүүхэд галд өртөж эндэв. Хүүхдүүд мөн л цоожтой гэрт байжээ. Өнгөрсөн онд галын улмаас бага насны 12 хүүхэд амь насаа алдсан бол он гарсаар 9 хүүхэд энджээ. Тэдний дийлэнх нь харгалзах хүнгүй гэрт галд өртөж амиа алдсан байна. Гал гарах үед гарах гарцыг нь хааснаас болж хүүхдүүд амиа алддаг нь гашуун үнэн юм. Үүнээс гадна бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхидог нь хамгийн ноцтой шалтгаан болж буй.

Энэ жил галын дуудлага өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан ч харамсалтай нь гал түймэрт өртөж амь насаа алдсан хүний тоо нэмэгдсэн. Галлагааны улиралд ахуйн гал түймрийн дуудлага нэмэгддэг нь ил гал, цахилгааны аюулгүй байдалтай шууд холбоотой аж. Гэр хорооллын айл өрхүүд  пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүй, ил гал /чүдэнз, тамхи, лаа, үнс нурам, цог/ үлдээдэг, цахилгаан холболтын аюулгүй байдал алдагдсан зэргээс шалтгаалж гал алдах нь түгээмэл байна гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар.