Улаанчулуутын хогийн цэгт "COVID-19"-ийн шинжилгээний хог хаягдлыг ил задгай хаясан гэх асуудлыг МХЕГ шалгаж байна

Улаанчулуутын хогийн цэгт "COVID-19"-ийн шинжилгээний хог хаягдлыг ил задгай хаясан гэх асуудлыг МХЕГ шалгаж байна

Коронавирусийн халдварын шинжилгээнд хэрэглэсэн сорьц, тариур зэргийг Улаанчулуутын хогийн цэг дээр ил задгай хаясан байна гэх мэдээлэл гарч, иргэдийг анхаарлыг татаж эхлээд байна.

Тэгвэл энэ мэдээллийн дагуу газар дээр нь очиж, хяналт шалгалт хийхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баг гарсан талаар тус газраас мэдээлэв.

МХЕГ-аас өчигдөр "Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудын үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас өдөр бүр хяналт тандалт хийж байна. 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 277  эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 3 тусгаарлан ажиглах байр, 15 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас гэсэн газруудаас 4,622.3 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан.

Хог хаягдлын бүтцээр авч үзвэл эрүүл мэндийн байгууллагаас 4,083.4 кг /хурц үзүүртэй, эмгэг хог, эмийн болон эсэд хортой, бусад халдвартай/, тусгаарлах байрнаас 97.9 кг, PCR шинжилгээний 285.2 кг, онгоц, карго ачаа тээврийн 82.3 кг хог хаягдал цуглууллаа. Цуглуулсан 4,548.8 кг хогийг устгаснаас 3,265 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1,283.8 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгалаа" хэмээн мэдээлж байсан юм.