ТОДРУУЛГА: Цахилгааны ачаалал 18 хувиар нэмэгдэж хэд, хэдэн газарт гэмтэл гарсан

ТОДРУУЛГА: Цахилгааны ачаалал 18 хувиар нэмэгдэж хэд, хэдэн газарт гэмтэл гарсан

Засгийн газрын хуралдаанаар 2020 оны 12 дугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл есөн ААН-ээс бусад байгууллага, айл өрхүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, уур, усан хангамж, хогны төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргасан. 

Айл, өрхүүдийг цахилгааны төлбөрийг тэглэснээс үүдэлтэйгээр өчигдөр цахилгааны ачаалал 18 хувиар нэмэгдсэн гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдэгдлээ. 

УБЦТС ТӨХК-ийн Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга н.Амаржаргал энэ талаар "Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт хэд, хэдэн газарт гэмтэл гарсан. Станцын тоноглолтой холбоотой гэмтэл гараагүй. Харин станцаас гарах шугам нь ачааллаас болж гэмтсэн. Гэмтлийг бид судалж байна. Гарсан гэмтлийг цаг алдалгүй засч, хэвийн болгосон. Өнгөрсөн жилтэй харьцуулахад гэр хороололд цахилгааны ачаалал 18 хувиар нэмэгдсэн. 

Хэрэглэгчид цахилгааны болон галын аюулгүй байдлыг маш сайн хангах хэрэгтэй. Ачааллыг бид цаг, өдрөөр нь хянаад явж байна. Цаашид эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хэрэглэгчид цахилгааныг зөв хэрэглэх хэрэгтэй. Илүү хэрэглэх хийх хэрэггүй. Энэ нь таны эд хөрөнгө, эрүүл мэндэд эрсдэл учруулж мэдэхээр байна шүү" гэлээ.