Монгол улс өнгөрсөн арван нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод буй. Иймд хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаар айл өрхүүдэд өвлийн турш идэх махаа хэрхэн нөөцлөх вэ гэсэн асуудал тулгараад байгаа юм.
Тиймээс Хүнс Хөдөө Аж Ахуйн Хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны сайд З.Мэндсайхан “Монгол шуудан ТӨХК иргэдийн өвлийн идэш, махыг хөдөө, орон нутгаас Улаанбаатар хот хүргэх ажлыг хийнэ” гэж мэдэгдсэн. Гэтэл нийслэлд амьдарч буй иргэд ямар хэмжээний махыг, хэдэн төгрөгөөр Монгол шуудан компаниар хүргүүлэн авч болох талаар мэдээлэл дутмаг байгаа юм.
Иймд бид “Монгол шуудан”-гаас гаргасан үнийн тарифыг дэлгэрэнгүй судалж, өвлийн идэш, махаа хэдэн төгрөгөөр хүргүүлэн авах талаар мэдээлэл бэлтгэлээ.
Юуны түрүүнд хэрэглэгч өөрт хамгийн ойр байрлах Монгол шуудангийн утас болон хөдөө орон нутгийн хэрэглэгчид өөрийн аймагт байрлах шуудангийн утсанд захиалгаа өгнө. Ингээд өөрийн явуулах махны жинг доорх хүснэгтэд байгаа үнийн тарифтаа үржүүлэн төлбөрөө төлөх юм. Ингэснээр илгээсэн мах ажлын 3-5 хоногийн дотор хүлээн авагч дээр очих боломжтой.
Тодруулбал, Орон нутгаас ирсэн хүнс, махыг өөрт ойр байрлах “Монгол Шуудан”-н салбараас авах бөгөөд, махны жин, нийслэлтэй хол ойр аймаг, орон нутгаас хамаарч 30-100 килограмм /кг/ махыг бол нэг кг-г нь 400-1200 /НӨАТ ороогүй/ бодож нийслэлд хүргэх юм байна. Тухайлбал, та Баян-Өлгий аймгаас 100 кг махыг Монгол Шуудан компаниар нийслэлд хүргүүлж авах бол 100*1200=120,000 /нэг зуун хорин мянган төгрөг/ байх бол, тус аймгаас 1тонн мах нийслэлд ирэхэд 1000*720=720,000 /долоон зуун хорин мянган/ төгрөг болж ажээ.
Бид энэ талаар “Монгол шуудан” ХК-ийн лавлах утаснаас холбогдож асуухад “Цар тахлаас шалтгаалан бидний ажлын ачаалал дөрөв дахин нэмэгдсэн. Орон нутгаас хүргэх идэш, хүнсний үнийн тарифын хувьд шатахуун, жолоочийн хөлс, тээврийн хэрэгслийн элэгдэл зэргээс хамааран тооцдог байгаа. Хамгийн гол нь манай шуудангийн хүргэлт түргэн шуурхай, найдвартай, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, халдваргүйжүүлэлт ариутгал хийсэн тээврийн хэрэгслээр ард иргэддээ үйлчилж байна” гэсэн юм.