М.Мөнхшүр: Нэг настай хүүхдийг модоор зодож, хөнөөсөн хэрэгт төрсөн эцгийг нь сэжиглэж байна

М.Мөнхшүр: Нэг настай хүүхдийг модоор зодож, хөнөөсөн хэрэгт төрсөн эцгийг нь сэжиглэж байна

Өчигдөр /2020.10.26/ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт эцэг нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 1 нас 4 сартай хүүхдээ саваа модоор зодож, амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ. Тус хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр албан ёсны мэдээлэл өглөө.

Тэрээр “1 нас 4 сартай хүүхэд нас барсан байна гэх дуудлага өчигдөр буюу аравдугаар сарын 25-ны 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн цагдаагийн утсанд бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Цагдаагийн байгууллагаас үзлэг шалгалт хийхэд 1 нас 4 сартай Б гэгч хүүхэд гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Уг хэрэгт түүний эцэг 33 настай З-г холбогдуулан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аван шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.” гэлээ.

Шалгалтын ажиллагаагаар сэжигтэн нь түүний төрсөн эцэг боловч гэр бүлийн баталгаа байхгүй тул хүүхэд ээжээрээ овоглодог байсныг тогтоожээ. Одоогоор шалгалтын хүрээнд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, тухайн үед хажууд нь байсан гэрч зэргийг мөрдөн шалгаж, мэдүүлэг авч байна гэлээ.

Мөн өнгөрөгч амралтын өдрөөр төрсөн эхийгээ зодож хөнөөсөн хэрэг гарсан байна.

Энэ талаар М.Мөнхшүр “Тухайн хэрэг нь Төв аймагт үйлдэгдсэн. Тодруулбал, аравдугаар сарын 24-ний өдөр 78 настай Ц-г түүний төрсөн охин 33 настай О зодож амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Одоогоор Төв аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.” гэлээ.

Сүүлийн үед энэ мэт гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл ихээр гарч, нийгмийг цочроож байгаа тул Цагдаагийн байгууллагаас “Сүүдэр бүү тусга” аян зэрэг олон ажлыг зохион байгуулж буйгаа хэлсэн юм.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө