Нүүрс тээврийн жолооч нар 60-90 хоног машиныхаа кабинд тусгаарлагдаж байна

Нүүрс тээврийн жолооч нар 60-90 хоног машиныхаа кабинд тусгаарлагдаж байна

Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг хилийн боомтын чиглэлд 10 мянга гаруй нүүрс тээврийн жолооч 60-90 хоног машиныхаа кабинд тусгаарлагдаж байгаа талаар тэдний ар гэрээс хоёр хоногийн өмнө/2020.09.30/ мэдээлсэн. Тодруулбал, хорио цээрийн дэглэмийн улмаас жолоочид 60-90 хоног машиныхаа кабинд тусгаарлагдаж, гэртээ харьж чадахгүй хүнд нөхцөлд өдөр хоногийг өнгөрөөж байгаа аж.

Аюулгүй байдлын стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар тусгаарлагдаж байхад тэдний эрүүл мэндэд анхаарах ямар ч байгууллага байсангүй. Машиндаа тусгаарлагдах явцдаа хоёр жолооч нас барсны нэг нь ослоор нөгөө нь суурь өвчин нь сэдэрснээс амь эрсэджээ. Нүүрс тээврийн жолооч нар болон тэдний ар гэрээс тусгаарлалтын хугацааг багасгах талаар удаа дараа эсэргүүцэл илэрхийлж, УОК-д шаардлага хүргүүлсэн ч энэ хугацаанд ямар ч хариу өгөөгүй. Монгол хүн бүрийн амь нас, эрүүл мэнд үнэ цэнэтэй. Гэтэл бүхэл бүтэн 10 мянган нүүрс тээврийн жолоочийн эрүүл мэнд, амь насны асуудал хөндөгдөж байхад дээд шатны байгууллагууд дуугүй харсаар удлаа. Түүнчлэн эрх нь зөрчигдөж буй 10 мянган жолоочийг тэдний гэр бүл, бяцхан хүүхдүүд нь хүлээж байгаа гэдгийг бид мартах учиргүй.