Ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох талаар иргэдээс санал авна

Ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох талаар иргэдээс санал авна

Нийслэлийн удирдлагууд түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 403 мянган тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд тэдгээрээс буруу талдаа хүрдтэй авто машин 65 хувийг эзэлж байна. Харин насжилтаар нь авч үзвэл импортоор нийт машины 70 хувь нь 10-аас дээш жил ашигласан машин орж иржээ. Мөн бэлэн бус торгууль руу шилжсэнээс хойш буюу  2015 оноос хойш 4.5 сая тохиолдолд торгууль оногдуулснаас 2.5 сая нь төлөгдөөгүй байгаа ба 10-аас дээш торгуулийн тооцоотой 63 мянган жолооч байгааг Нийслэлийн Замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцуулж, түгжрэл бууруулах дараах шийдлийг хэрэгжүүлэх боломжтой гэв. Үүнд,

Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэх. Олон улсын жишгээр нэг сая хүн амтай хотод 1000 автобус байх ёстой. Гэтэл 1.6 сая хүн амтай манай хотод 900 гаруй автобус байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс 500 гаруй автобус нэмэх шаардлагатай байгаа юм. Гэхдээ нийтийн тээврийн парк шинэчлэл хийсэн ч ойрын хугацаанд 200-300 автобус хэрэглээнээс гарах болсон байна. 

Зогсоолын нэгдсэн системийг бий болгохоор бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэвч томоохон автомашины зогсоолыг хотын төвийн гадна байлгах, төлбөртэй бүс рүү шилжихэд нийтийн тээвэр, түрээсийн унадаг дугуйны хөдөлгөөнийг сайжруулах зэрэг асуудал тулгарах боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан: Бүртгэлтэй авто машины тоо Улаанбаатар хотын зам дээр багтахгүй болчихсон байна. Түгжрэл үүсэхэд гал, эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй байдалд орж байгаа нь Улаанбаатар хотын аюулгүй байдалд нөлөөлөхөөр болжээ. Уг нь дугаарын хязгаарлалтаар өдөрт 100 мянган машин хөдөлгөөнд оролцох боломжгүй болж байгаа ч, түгжрэл буурахгүй байгаа учир өөр арга хэмжээ ашиглах шаардлагатай байгааг харуулж байна. Тиймээс тодорхой, зөв шийдэл гартал иргэдээсээ ажлын таван өдөр тэгш, сондгойгоор зорчих санал асуулга авах саналтай байна.

Ерөнхий сайд аравдугаар сарын 13-нд Нийслэлийн удирдлагуудтай уулзалт хийх ажээ.