Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16 ны өдөр /2020.09.15-16/ манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Түүний айлчлалтай холбоотойгоор эмнэлэг, цагдаагийн байгууллага болон улс төрийн хүрээнд бэлтгэл хангагдаж байна.
Тэгвэл түүнийг манай улсад буухад нь "Монгол бичгээр бичсэн лоозонтой угтацгаая" гэх уриалга олон нийтийн цахим сүлжээнд өрнөж байна.
Учир нь Өвөрмонголчуудыг Монгол бичиг хэрэглэх эрхийг хориглосон шийдвэрийг БНХАУ-ын төрийн зөвлөлөөс гаргасан. Энэ дагуу Өвөрмонголд болон манай улсад Монгол бичгээ хэрэглэж үлдэх, хайрлан хамгаалах чиглэлд иргэд үзэл бодлоо илэрхийлэн, жагсаж эсэргүүцэл зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Гадаад харилцааны сайдыг ирсэн даруйд манай зарим иргэд Өвөрмонголчуудыг Монгол бичигтэй нь үлдээхийг хүссэн саналаа тайван замаар түүнд ийнхүү илэрхийлэх нь. Тодруулбал, Өмнөд монголчуудыг хэл, соёлтой нь үлдээхийг хүссэн хүсэлтээ лоозон болгон бичиж Ван И-гийн айлчлалын үеэр барьж зогсох бололтой.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдож мөн өөрийн байр, суурийг илэрхийлсэн байна.
БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И Монголд ирэх нь. Хятадын сайдаас ийм үг хүлээж байна:
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) September 11, 2020
1. Монгол хэл бичгийн эсрэг соёлын геноцидийг зогсооно,
2. Өвөр Монголд дахин ийм юм давтагдахгүй,
3. Хэл соёлоо өмөөрч шоронд хоригдсодыг суллана.#SaveMongolianLanguage#JusticeForInnerMongolians
Айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхах юм байна. Мөн хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, коронавирусийн цар тахлын үед аюулаас сэргийлэх ажиллагааг өргөтгөх, эдийн засгийг сэргээх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ярилцаж тохирно гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэн. Манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй байгаа. Энэ үед БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И айлчилж буй учир коронавирусын цар тахлаас хамгаалах дэглэмийг мөрдөнө.
Тухайлбал, айлчлалын үеэр дагалдах албаны хүмүүс болон хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг аль болох цөөн тоогоор оролцуулна.. Мөн айлчлалын зохион байгуулалтыг хийсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлана.
Айлчлал эхлэхийн өмнөх 24-72 цагийн өмнө Монгол, Хятадын талын бүх төлөөлөгчдөд халдвар илрүүлэх шинжилгээ хийнэ. Айлчлын үеэр уулзалтын танхим, хоол идэх зааланд хүмүүс 1.5-2 метрийн зай барина. Айлчлалын багийн бүрэлдэхүүний байрлах байрыг ирэхээс өмнө болон ирсний дараа халдваргүйжүүлэх аж. Цаашлаад ачаа тээшийг хүртэл халдваргүйжүүлнэ гэж албаныхан мэдэгдсэн.