Орон нутгийн сонгуульд Нийслэлийн Ардчилсан нам, МАХН, ШИНЭ нам хамтарч оролцоно. Тэд "Ардчилалын төлөөх намууд" уриан дор нэр дэвшигчдээ тодруулснаа өнөөдөр танилцууллаа.
Тус намуудаас нэр дэвшиж буй 45 хүнийг насны байдлаар нь авч үзвэл, 35 хүртэлх насны зургаа, 35-45 хүртэлх насны 26 нэр дэвшигч, 45-аас дээш насны 13 хүн нэр дэвшиж байна. Квотын хувьд эрэгтэй 34, эмэгтэй 11 нэр дэвшигч байгаа аж.
Боловсролын байдлаар нийт нэр дэвшигчдийн 60 хувь нь магистр, долоо хувь нь доктор цолтой аж. Мөн 30 хувь нь гадаадын их, дээд сургууль төгсчээ. Тэднээс 18 нэр дэвшигчийн хувьд өмнө нь төрийн захиргааны байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол 27 нэр дэвшигч улс төрд шинээр орж ирж буй залуучууд гэдгийг тодотголоо.
Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа "Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам нийт ардчилсан хүчнийг манлайлан оролцож байна. Бид гишүүдийнхээ оролцоотойгоор нэр дэвшигчдээ тодруулсан. Нэр дэвшигчид маань залуу, шинэ, хамгийн гол нь хотоо гэсэн сэтгэлтэй. Бид намаа бүрэн шинэчлэх эх ажлын эхлэл болгож энэ сонгуульд шинэ хандлага, шинэ шийдэл, санаагаар дүүрэн өрсөлдөхөөс гадна Ардчилалын төлөөх намуудын нэгдлийг бий болголоо. Бид эв санааны нэгдэлтэй, эд хийж бүтээх хүсэл дүүрэн сонгуульд орж байна.
Бидэнд хотод шинийг хийсэн туршлага бий. Ардчилал хумигдаж нэг намын дарангуйлал, нэг ойворгон этгээдийн хүрээлэл засаглалыг бүхэлд нь эзэлж Үндсэн хуулийн эсрэг чөлөөт зах зээлийг хумих, дарангуйлал тогтоох хүслээ зарлаж хувийн хэвшлийг дарамталж, эх орон өрөндөө орж буй энэ үед эрс шийдэмгий ажиллахаар шийдлээ.
21 дүгээр зууны хот Улаанбаатар шиг байж болохгүй. Дүүжин замаар жуулчид л зорчихоос бус нийтийн тээврийг шийдэхгүй. Түгжрэлийг 97 тэрбумаар өөрсөддөө тансаг ордон барьж шийддэггүй юм. Эдийн засгийг жилийн 3,8 их наяд төгрөгийн алдагдлаар өсгөдөггүй юм. Энэ бол гэр хорооллын 100 мянган өрх орон сууцтай болох мөнгийг тэднээс хулгайлж буй хэрэг. Энэ бол өр. Эрх баригчид өөрсдийн тансаг сууц бүхий Зайсан зэрэг газар руу 2 их наяд төгрөгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх хирнээ гэр хороололд хөрөнгө оруулалт хийсэн төдийхөн 4 жилийг өнгөрөөлөө. Үүнийг өөрчлөх ёстой. Энэ сонгуулиар бид иргэдийн сонгох эрхийг тас цохиж, МАН-ыг луйварыг дарна. Бид түгжрэл, хотын хөгжлийг дэмжих тодорхой хөтөлбөртэй байгаа" гэлээ.
МАХН, ШИНЭ намын тойрог дээр Ардчилсан намаас гишүүнээ дэвшүүлэхгүй, санал хуваахгүй байхаар дээрх намууд зорьсон байна. 45 тойргийн 32 тойрогт нь Ардчилсан нам, найман тойрог дээр МАХН-аас гишүүд дэвшиж байгаа аж. Харин ШИНЭ намаас таван гишүүнээ дэвшүүлсэн байна. МАХН, ШИНЭ намын тойрогт Ардчилсан намаас гишүүн нэр дэвшиж санал хуваахгүй байхаар тохирчээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ