БШУЯ: Бага ангийн сурагчдад сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулна

БШУЯ: Бага ангийн сурагчдад сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр 09:00 цагт боллоо. Хуралдааны эхэнд 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэрхэн явагдаж буй талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл өгөв.

Тэрээр “Боловсрол шинжлэх, ухааны яамнаас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нөхцөл байдлыг харгалзан бүх шатны танхимын сургалтыг нэг ангид хичээллэх суралцагчийн тоог 20-оос хэтрэхгүй байхаар тооцож эхлүүлэхээр болсон. Энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг нийслэлийн хэмжээнд цахимаар давхар бүртгэж байгаа бөгөөд одоогоор нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн гуравны нэг буюу 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Цахим бүртгэлийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд elselt@edu.mn, parent.edu.mn хаягаар хийгдэж байна.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Танхимын сургалт зохион байгуулахад халдвар, хамгааллын дэглэм баримтлах, хичээлийн тоо, хичээллэх өдөр, нэг бүлэгт ногдох хүүхдийн тоог тус тус бууруулахаар шийдвэрлэсний дагуу холбогдох зохицуулалтыг хийж байна. Улсын хэмжээнд хоёр настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авахаар зохицуулалт хийсэн” гэж мэдэгдлээ.

Мөн 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сард өмнөх ангид судалсан байвал зохих агуулгыг бататгах арга зүйн зөвлөмж болон өнгөрсөн хичээлийн жилийн 50 шахам хувьд сургалтыг цахимаар явуулсантай холбогдуулан агуулгын алдагдлыг нөхөх хөтөлбөрийг Боловсролын хүрээлэн боловсруулж, ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж. Өмнөх жилүүдийн адил бага ангийн сурагчидад сурах бичгийг 100 хувь үнэ төлбөргүй ашиглуулах ажээ.