Ливаны улс төрчдийг ойрын өдрүүдэд өндөр хамгаалалтад шилжих хэрэгтэй гэв

Ливаны улс төрчдийг ойрын өдрүүдэд өндөр хамгаалалтад шилжих хэрэгтэй гэв

Ливан улсын иргэд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш эрх баригчдынхаа эсрэг тэмцэж байгаа бөгөөд Бейрутын гамшиг энэ тэмцлийг улам хурцатгах төлөвтэй байна. Тэгвэл “Centre for Global Policy” судалгааны төвийн мэргэжилтэн Файсал Итани өчигдөр Нью Йорк Таймс сонинд “Ливаны улс төрчид ойрын өдрүүдэд өндөр хамгаалалтад шилжих хэрэгтэй. Дэлбэрэлтийн цочрол уур хилэн болж, аюултай нөхцөл байдалд хүргэх өндөр эрсдэлтэй” хэмээн бичжээ.

132 хүн нас барж, 5 мянга гаруй иргэн шархадсан уг ослын шалтгааныг агуулахад олон жил хадгалагдсан 2,750 тонн аммиакийн шүү хэмээх бодис дэлбэрсэн гэж урьдчилсан байдлаар дүгнээд буй. Харин иргэд хотын боомтод аюултай бодис хяналтгүй хадгалагдаж байсанд бухимдаж, авлигад идэгдсэн албан тушаалтнуудыг буруутгаж байгаа юм.

Нурангин дороос хүмүүсийг хайх ажил үргэлжилж байгаа тул хохирлын тоо цаашид нэмэгдэх өндөр магадлалтай байна. Үүнээс гадна 300 мянга гаруй хүн орон гэргүй болж, хоргодох байранд байгааг Бейрутын захирагч мэдээлжээ.

Эх сурвалж:AFP