Дэлбэрэлтэд өртсөн Ливанчууд Францын ерөнхийлөгчөөр улсаа удирдуулахыг хүсчээ

Дэлбэрэлтэд өртсөн Ливанчууд Францын ерөнхийлөгчөөр улсаа удирдуулахыг хүсчээ

Ливан улсын Бейрут хотод болсон дэлбэрэлтийн улмаас Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр /2020.08.06/ тус улсад зочилж, гамшгийн нөхцөл байдалтай танилцжээ. Энэ үеэр тэрээр Ливанчуудад хандан олон улсаас тусламж дэмжлэг авах ажлыг зохион байгуулна гэж амлажээ. Гэхдээ тэр улс төр, эдийн засгийн гүн хямралтай байгаа Ливан улсад “яаралтай шинэчлэл хийхгүй бол гамшиг үргэлжлэх болно” гэж анхааруулсан байна.

Ливан улсын иргэд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш эрх баригчдынхаа эсрэг тэмцэж байгаа бөгөөд энэ удаагийн дэлбэрэлт нөхцөл байдлыг улам хурцатгах төлөвтэй байна.

Бейрут хотын боомтод аюултай бодис хяналтгүй хадгалагдаж байсанд иргэд бухимдаж, авлигад идэгдсэн албан тушаалтнуудыг уг дэлбэрэлтэд буруутгаж байгаа. Түүнчлэн Ерөнхийлөгч Макроныг ирэх үеэр зарим иргэд “Манай улсад  ирж, бидний удирдагч болооч” хэмээн хашхирч байжээ.

Бейрутад одоогийн байдлаар 137 хүн амь үрэгдсэн нь батлагдаж, 5 мянга орчим хүн шархдаад байгаа. Нурангин дороос хүмүүсийг хайх ажил үргэлжилж байгаа тул хохирлын тоо цаашид нэмэгдэх нь тодорхой байна. Үүнээс гадна 300,000 хүртэл тооны хүн орон гэргүй болж, хоргодох байранд байгааг Бейрутын захирагч мэдээлжээ.

Эх сурвалж:AFP