АНУ аяллын хоригоо цуцлахдаа Монгол улсад зорчихыг хориглосон хэвээр үлдээв

АНУ аяллын хоригоо цуцлахдаа Монгол улсад зорчихыг хориглосон хэвээр үлдээв

АНУ-ын Засгийн газраас дэлхийн улс орнуудыг аюулгүй байдлаар нь дөрвөн ангилалд хуваан, өөрийн иргэдэд зориулсан зөвлөмж өгдөг. Тус улс өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний өдөр коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн бүх улс орнуудыг бөөнд нь дөрөвдүгээр ангилал буюу огт зорчихгүй байх ангилалд оруулж байжээ.

Тэгвэл өчигдөр тус улсын төрийн департмент бөөнөөр нь хориглосон энэ шийдвэрээ цуцалж, улс нэг бүрээр нь ангилдаг өмнөх хэлбэрт буцаан шилжүүлсэн байна. Ингэхдээ аялахгүй байхыг анхааруулдаг дөрөвдүгээр ангилалдаа дэлхийн 55 улс орныг хэвээр үлдээсний дотор Монгол улсыг багтаажээ.

Энэ ангилалд манай хоёр хөрш орноос гадна Умард Солонгос, Куба, Афганистан, Иран, Ирак, Сири, Венесуэль зэрэг улс төрийн хувьд тогтворгүй орнуудаас гадна цар тахлын нөхцөл хүнд байгаа Бразил, Энэтхэг зэрэг орнууд багтжээ.

Ангиллуудыг тодруулбал, нэгдүгээр ангиллын улсуудад зорчиход Америкчуудад аюулгүй гэж үздэг бол хоёрдугаар түвшний улсуудад зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг, харин гуравдугаар түвшний улсуудад зорчихоор төлөвлөж байгаа бол шийдвэрээ эргэж харахыг сануулж, дөрөвдүгээр ангиллын улсуудад огт зорчихгүй байхыг анхааруулдаг юм. Нэгдүгээр ангилалд хоёрхон улс, бүс нутаг багтсан нь Тайвань, Макао хоёр болсон байна.

Эх сурвалж: Associated Press