Италийн иргэн Жузеппе Патерно 96 насандаа түүх, философийн бакалаврын зэрэг хүртэж, Италийн хамгийн ахмад төгсөгч болжээ.
Тэрээр Guardian-д өгсөн ярилцлагадаа “Коронавирусийн халдварын улмаас цахимаар хичээллэх болсон нь том сорилт байлаа. Гэхдээ би бууж өгөхгүй гэж шийдэн хичээлээ шамдан суралцсан. Миний хувьд мэдлэг бол эрдэнэс л гэсэн үг. Эцэст нь мөрөөдөл минь биелж байна. Яг энэ мөчид өөд болсон эхнэр маань хажууд минь байхыг л хүсэж байна” гэжээ.
Тэрээр 1920-иод онд Сицилид долоон хүүхэдтэй айлын ууган хүү болж, дайны үеэр ядуу зүдүү амьдарч байсан тул сургуульд сурах боломжгүй байж. Гэсэн ч их сургуульд сурахыг мөрөөдсөөр дэлхийн II дайны дараа буюу 31 насандаа ахлах сургуулиа төгссөн байна.
Эх сурвалж: Standardco