АНУ, БНХАУ-ын хооронд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, дипломат зам суваг зэрэг олон салбарын сөргөлдөөн эрчээ авч буй энэ үед хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын зөрчил хурцдах хандлагатай болов.
Тодруулбал, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын 40 орчим ажилтны визийн хугацаа маргааш дуусч байгаа хэдий ч АНУ-ын талаас тэдгээр ажилтнуудын визийг сунгах зөвшөөрлийг одоо хүртэл олгоогүй байна. Улмаар БНХАУ-ын тал визийг нь сунгахаас татгалзсан дээрх ажилтнуудынхаа нутаг буцах бэлтгэлийг хангасан бөгөөд энэ асуудалтай холбогдуулан "АНУ-д хатуу хариу барина" хэмээн тус улсын Төрийн мэдлийн Global Times сонины Ерөнхий редактор Ху Сижинь өчигдөр өөрийн Вэйбо хаягаар мэдээлжээ.
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “АНУ-д ажиллаж буй манай улсын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд бүгд виз сунгуулах өргөдлөө аль хэдийн өгсөн боловч нэг ч хүн одоо болтол АНУ-ын талаас зөвшөөрсөн хариу аваагүй байна” гэв. Тэрээр АНУ-ын талыг эрс буруушааж буйгаа илэрхийлээд, АНУ “Хүйтэн дайн”-ы үеийн сэтгэлгээ болих хэрэгтэйг онцолжээ.
Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын харилцаа энэ оны 2-р сараас эхлэн хурцдаж эхлэсэн бөгөөд АНУ-ын тал БНХАУ-ын таван байгууллагад хязгаарлалт тогтоож, 60-н ажилтныг нь нутаг буцаасан юм. Үүний хариуд тус улс АНУ-ын 10 гаруй хэвлэлийн байгууллагын ажилтнуудыг эх орноосоо хөөсөн.
Эх сурвалж: Montsame