Их сургуулийн багшаас улс төрийн хоригдол болсон үзэсгэлэнт бүсгүй Кайли Мур хүнд дэглэмтэй шорон руу шилжжээ

Их сургуулийн багшаас улс төрийн хоригдол болсон үзэсгэлэнт бүсгүй Кайли Мур хүнд дэглэмтэй шорон руу шилжжээ

Иранд нууцаар тагнуул хийсэн хэргээр 10 жилийн хоригдох ял эдэлж буй Австралийн иргэн Кайли Мур-Гилбертийг цөлийн шоронд шилжүүллээ гэж тус улсын албаны хүмүүс мягмар гаригт мэдээллээ.

Мельбурн их сургуулийн багш Кайли Мур-Гилберт 2018 оны есдүгээр сараас хойш шоронд хоригдож буй бөгөөд түүнийг Ираны онгоцны буудал дээрээс баривчлан саатуулсан юм.

Австралийн засгийн газар энэ талаар “хатагтай Мур-Гилбертийн аюулгүй байдал, сайн сайхан байх эрхэд ноцтойгоор халдаж байна" гэж үзэж буй бөгөөд түүнийг суллахыг шаардаж байна гэж мэдэгдсэн байна. Мельбурн их сургуулийн багш, доктор Мур-Гилбертийн хэрэг Австралийн засгийн газрын нэн тэргүүнд анхаарах ажлуудын нэг болоод байна. Тэр дундаа Тегеран дахь элчин сайдын яамны ажилтнуудад шууд хамааралтай" гэж Австралийн Гадаад харилцаа, худалдааны хэлтэс мягмар гарагт мэдэгджээ. Мөн энэхүү мэдэгдэлдээ “Иран нь хүний ​​эрхийн төлөө тэмцэгчидээ Карчакийн шоронд шилжүүлдэг байсан. Шоронг заримдаа Ираны улс төрийн хоригдлуудад шийтгэл болгон ашигладаг бөгөөд аймшигтай нөхцөл байдалтай газар” хэмээн тодорхойлжээ.

Энэхүү аймшигтай Карчак хэмээх шоронд шилжихээсээ өмнө Мельбурн их сургуулийн улс төрийн багш, хатагтай Мур-Гилберт Тегеран дахь Эвин шоронгийн шалан дээр хоёр жил унтаж өнгөрөөсөн байна. Тэрээр ганцаарчлан хэд хэдэн удаа өлсгөлөн зарлаж байсан бөгөөд шинэ хоригдлуудыг тайвшруулахын тулд шоронгийн ханан дээр захидал бичдэг байжээ.

“Карчакийн хоригдох газар нь цөлийн голд байдаг цэвэр усны урсгалгүй, зөвхөн талх, будаагаар хооллодог, мансууруулах бодисын хэрэглээ өндөр, дээрэмчин ихтэй, маш аюултай газар гэж Иран дахь хүний ​​эрхийн төвийн захирал Хадди Гаеми мэдээлсэн байна.

Мөн энэхүү аймшигт хэргийн талаар BBC телевизийн сурвалжлагч, түүний дотны найз Каролин Хоули “ Хатагтай Мур-Гилберт эх орондоо хаягдсан мэт санагдаж байна. Австралийн засгийн газар төдийлөн идэвхитэй ажиллахгүй байна” гэж хэлжээ.

Австралийн Гадаад харилцаа, худалдааны газрын мэдээлж байгаагаар элчин сайд саяхан Эвин дэх шоронд байсан хатагтай Мур-Гилберт дээр очсон бөгөөд сүүлийн хэдэн сарын турш түүнтэй утсаар холбогдож, ярилцаж байжээ. Харин сүүлд Ираны хүний ​​эрхийн төлөө тэмцэгчтэй утсаар ярихдаа "Би юу ч идэж чадахгүй байна, маш их сэтгэлээр унаж байна" хэмээн ярьсан байна.

Нэгдүгээр сард Тегераны Эвин шоронгоос хууль бусаар гаргаж ирсэн захидлуудад “Би тагнуулч биш. Багш нь хэзээ ч тагнуулч байгаагүй. Аль ч улсад тагнуулын байгууллагад ажиллах сонирхолгүй байна.Энэ байдлаараа ахиад удвал сэтгэлзүйн хувьд ноцтой асуудалд орох юм шиг байна. Ахиад удаан тэсэж чадахгүй нь” хэмээн бичсэн байжээ. Тэрээр сэтгэл санааны хямралаасаа болж гэр бүлийхэнтэйгээ утсаар ярих сонирхолгүй болж эхэлжээ. Гэсэн ч хатагтай Мур-Гилберт өнгөрсөн хугацаанд өөрийгөө "би гэм зэмгүй эмэгтэй. Миний хийгээгүй хэргийг надад тохож байна" гэсэн байр сууриа хатуу баримталсаар ирсэн юм. Кембриджийн боловсролтой, эрдэм шинжилгээний ажилтан, Мельбурн их сургуулийн улс төрийн багш бүсгүй ийнхүү нэг өдрийн дотор л улс төрийн хүнд гэмт хэрэгтэн болж хувирсан юм. Түүний хувь заяа одоо хаашаа эргэх нь тодорхойгүй болжээ.

Өнгөрсөн жил Австралийн иргэн Жоли Кинг, найз залуу Марк Фиркинтай хамт Тегеранд зөвшөөрөлгүй онгоцоор ниссэн гэсэн шалтгаанаар шоронд хоригдсон ч азаар удалгүй дараа суллагдсан юм.

Эх сурвалж: BBC