Хойд Солонгост коронавирусийн анхны сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Хойд Солонгост коронавирусийн анхны сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрсэн байж болзошгүй тухай улс төрийн товчооны шуурхай хуралдааны үеэр зарласныг Пёньяны төв хэвлэл өнөөдөр өглөө мэдээллээ.

Өнөөдрийг хүртэл тус улс ганц ч халдварын тохиолдол илрээгүй дэлхийн цөөхөн орнуудын нэгд тооцогдож байв. Халдварын сэжигтэн нь долдугаар сарын 19-ний өдөр Өмнөд Солонгосоос хууль бусаар хил давж ирсэн дүрвэгч гэнэ. Тэрбээр гурван жилийн өмнө Умард Солонгосоос дүрвэж байжээ. Ким Жон Ун халдварын сэжигтний орж ирсэн хилийн хэсэг дэх Кэсон хотод хөл хорио тогтоож, тусгаарлах тушаал өгсөн байна.

Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг (KCNA) сэжигтнийг оношилсон эсэх талаар мэдээлэл өгөөгүй ч коронавирусийн халдварын шинж тэмдгүүд илэрч байгааг эмч нар тогтоосон гэжээ. Умард Солонгос улс цар тахал эхэлсэн цагаас хойш Орос болон бусад улсуудаас олон мянган оношлуур хүлээж авсан гэсэн мэдээлэл бий.

Тахлын эхэн үед Пёньяны эрх баригчид мянга мянган хүнийг тусгаарлах , оношлох арга хэмжээ авч байсан бол сүүлийн үед үүнийгээ сулруулаад байгаа. Ким Жон Ун дүрвэгчийн нэвтэрч ирсэн хилийн хэсгийг хариуцдаг цэргийн анги нэгжүүдэд шалгалт хийж, буруутай этгээдийг хатуу шийтгэх, харуул хамгаалалтыг чангатгах тушаал өгсөн байна.

Эх сурвалж: Reuters