Өмнөд Солонгосын нутагт байгаа гадаадын иргэд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдолд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж авч байгаа. Гэвч гадаадын иргэдийн дунд халдвар ихээр тархаж байгаатай холбоотойгоор эрх баригчид эмчилгээний тодорхой зардал мөнгөө төлөхийг үүрэг болгохоор төлөвлөж байгаа тухай KBS онцолсон байна.
Тус телесувгийн дамжуулснаар энэ сарын 6-20-ны хооронд Өмнөд Солонгост зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол 381-т хүрсний дээр тэдний 250 нь гадаадын иргэд байгаа юм байна. Харин засгийн газрын тооцоогоор халдвар авсан нэг иргэний эмчилгээний дундаж зардал 7,5 сая вон буюу 6,3 мянган ам.доллар байгаа юм байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын эрх баригчид 21 оронд судалгаа хийж 8-д нь л гадаадын иргэдийг үнэ төлбөргүйгээр эмчилж байгааг тогтоосон байна.
Тиймээс Өмнөд Солонгосын эрх баригчид "COVID-19"-ийн халдвар авсан хүмүүсийг ийнхүү үнэ төлбөргүй эмчилж байгаагаас болж төлбөргүй, мэргэжлийн өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын тулд тус улсад ирэх гадаадын иргэдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэж болгоомжилж байгаа юм байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Өмнөд Солонгосын улс төрийн намууд, ерөнхийлөгчийн засаг захиргаа, засгийн газар зөвшилцсөний эцэст гаргахыг Ки би эс мэдээлсэн юм. Мөн гадаадын иргэдээс эмчилгээний төлбөр гаргуулах асуудал нь хүний эрх, тухайн иргэдийн улс орнуудтай харилцах харилцаатай шууд холбоотойг онцолсон байна. энэ хооронд тус улсад өнгөрсөн 24 цагийн дотор халдварын 69 тохиолдол нэмж бүртгэгдэн нийт 13816-д хүрээд байна.
Эх сурвалж: MNB