ОХУ-ын амжилттай бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин ирэх наймдугаар сараас зах зээлд гарна

ОХУ-ын амжилттай бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин ирэх наймдугаар сараас зах зээлд гарна

Өнгөрсөн нэгдүгээр сараас дэлхий нийтийг хамран тархсан шинэ төрлийн коронавирусийн халдвараас бүрэн сэргийлэх, хамгаалах, тус халдварыг ор мөргүй устгах эм бэлдмэл, вакциныг хүн төрөлхтөн одоог хүртэл гарган авч чадаагүй байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд дэлхийн олон улс коронавирусийн эсрэг эм бэлдмэл, вакцин гаргаж туршсаар байгаа боловч амжилттай болж, албан ёсоор зарласан удаа хараахан үгүй.

-ОХУ НЬ COVID 19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ АМЖИЛТТАЙ
ТУРШСАН ХАМГИЙН АНХНЫ УЛС БОЛООД БАЙНА-

Харин өнгөрсөн долоо хоногоос эхлэн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “ОХУ коронавирусийн эсрэг вакциныг амжилтай туршсан дэлхийн хамгийн анхны улс боллоо” хэмээн мэдээллэж эхэлсэн юм. Мөн үүний хажуугаар “АНУ, Их Британи, Канад улсаас коронавирусийн вакцин үйлдвэрлэхтэй холбоотой мэдээллийг Орос улс хулгайлахыг оролдсон. Оросын тагнуулын байгууллагын бүтцэд ордог кибер тагнуулын APT29, Dukes, Cozy Bear бүлэглэлүүд нь эдгээр улсын эм, вакцин бүтээхэд оролцож байсан төрөл бүрийн байгууллагуудын мэдээллийн сан руу бүтэн жилийн туршид халдаж байсан гэж Их Британийн кибер аюулгүй байдлын төв мэдэгдсэн билээ.

-ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ БАЙНА. ЭСРЭГ БИЕТИЙГ
ҮҮСГЭЖ ЧАДСАН-

Тэгвэл ямартай ч өчигдөр ОХУ-ын Цөмийн, биологийн, химийн батлан хамгаалах хүчний судалгааны 48-р төв хүрээлэнгийн дарга, хурандаа Сергей Борисевич “Москва хотын Бурденкогийн нэрэмжит цэргийн эмнэлэгт явуулж буй коронавирусийн вакцины туршилтад оролцож буй хоёр дахь ээлжийн сайн дурынханд эсрэг биет үүссэн гэж  “Красная Звезда” сонинд мэдээлжээ.

Тэрээр хэлэхдээ “Сайн дурынханд коронавирусийн эсрэг биет үүссэнийг шинжилгээний дүн харуулсан. Вакцины бүрэлдэхүүнүүд нь аюулгүй хийгээд маш тэсвэртэй байна” гэж хэлээд, вакцины эмнэлзүйн өмнөх туршилтад том, жижиг биетэй олон амьтныг оролцуулсан гэдгийг онцлон хэлсэн байна. Уг вакциныг ОХУ-ын Батлан хамгаалах яам, Гамелейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд бүтээсэн бөгөөд ижил платформыг Эболагийн вакцин гарган авахад ашигласан ажээ.

-ВАКЦИНЫ ТУРШИЛТ ДОЛООДУГААР САРЫН ЭЦЭС ГЭХЭД
ДУУСАХ БӨГӨӨД ДАРАА НЬ ВАКЦИНЫГ БҮРТГҮҮЛЭХ АЖЛЫГ ХИЙХ АЖ-

“Хоёр дахь буюу сүүлийн ээлжийн сайн дурын бүлэг нь 20 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд өнөөдөр эмнэлгээс гарна. Мэргэжилтнүүд туршилтын үр дүнг задлан шинжилсний дараа вакциныг бүртгүүлэх ажиллагааг эхлүүлнэ. Вакцины туршилт долоодугаар сарын эцэс гэхэд дуусах төлөвтэй байна.Ингээд ирэх наймдугаар сараас зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байна” гэж С.Борисевич мэдээлжээ.

 Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “Вакцин, Дархлаажуулалтын дэлхийн холбоонд Ковид-19 вакцины туршилтыг хийж, гүйцэтгэж буй 75 улс элсэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

-СOVID 19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ГАРМАГЦ НЭН ТҮРҮҮНД
ВАКЦИН ШААРДЛАГАТАЙ БАЙГАА УЛС ОРНУУДАД ЭХЛЭН ТАРААНА-

Уг холбоо нь вакцин гармагц үүсэх ачааллыг бууруулах, вакцины хөгжлийг хурдасгах, дэлхийн хэмжээнд вакциныг шударга, эрх тэгш тараах боломжийг хангахаар ажилладаг аж. Вакцин гармагц тусламж зайлшгүй хэрэгтэй байгаа улс орнуудад эхлэн тараах бөгөөд дараа нь тухайн улс орны халдварын нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан өгөхөөр болсон байна. Мөн вакциныг санхүүжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн улсууд өөрсдийн байр сууриа баталгаажуулахын тулд наймдугаар сарын эцэс гэхэд вакцины тунг урьдчилгаа төлбөртэйгээр худалдаж авах үүрэг хүлээх ажээ.