СОЛОНГОС ИРГЭН: Танхайрсан Монгол залуус өөрсдийгөө Чингис хааны үед амьдарч байна гэж боддог бололтой

СОЛОНГОС ИРГЭН: Танхайрсан Монгол залуус өөрсдийгөө Чингис хааны үед амьдарч байна гэж боддог бололтой

Өмнөд Солонгос улсад өнөөдрийн байдлаар 49 мянга гаруй монголчууд ажиллаж, амьдардаг гэсэн тоо бий. Тэдний ихэнх нь хараар ажиллаж, мөнгө хураадаг. Харин сүүлийн долоон  сард  дэлхий даяар дэгдээд буй цар тахлын улмаас олон монгол иргэд нутаг буцаад байна. Гэсэн хэдий ч Солонгост байдаг монголчууд үе үе нийлэн архидан согтуурч, хэрэг төвөгт орооцолдсон тухай мэдээ үе  үе сонсогддог. Баяр наадам болохоос хэдхэн хоногийн өмнө нэгэн харамсалтай хэрэг гарч олныг цочирдуулсан.

Тодруулбал, БНСУ-д суралцаж, амьдардаг н.Гантөмөр гэх залууг дөрвөн монгол залуу бүлэглэн зодож хүнд гэмтээсэн бөгөөд түүнийг зодсон дөрвөн залуу цагдаад баригдаж, хэрэг үүсгэгдсэн талаар Солонгосын үндэсний телевиз MBN мэдээллэж байсан юм. Харин зодуулсан залуугийн биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт ухаангүй байсаар энэ сарын 10-ны өдөр амьсгал хураасан байдаг. Энэ харамсалтай явдлын талаарх шуугиан бүрэн дарагдаж амжаагүй байхад дахин нэг хэрэг гарч олныг бухимдуулаад байна. Энэ талаар БНСУ-ын үндэсний телевиз болох MBN болон тус улсын томоохон хэвлэлүүд шуугиж эхлээд байна.

-МОНГОЛЧУУД ДАХИН ХОТЫН ТӨВД ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЖЭЭ-

Тус хэргийн талаар тодруулбал, долоодугаар сарын 12-13-нд шилжих шөнө БНСУ-ын Сөүл хотын 24 цагийн нэгэн дэлгүүрт 30-40 насны гурван монгол залуу согтууруулах ундаа ууж байхдаа муудалцаж, улмаар нэгийгээ архины шилээр цохиж, зодсоны улмаас биед нь хүнд бэртэл учруулсан байна. Энэ талаар тус улсын хэвлэлүүд “Монголчууд дахин хотын төвд хүчирхийлэл үйлдлээ. Өнгөрсөн долоо хоногт Сөүлд болсон нэгэн томоохон хүн амины хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин тус хэргийн шуугиан намдаж амжаагүй байхад Монголчууд дахин олон нийтийн газар танхайрлаа” хэмээн бичжээ.

-ТУС УЛСЫН ИРГЭД “ГАДНЫ ИРГЭДЭЭС АЙЖ БАЙНА. БИДНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДАЖ БАЙНА” ХЭМЭЭН ХЭВЛЭЛД МЭДЭГДЖЭЭ-

Тухайн үед хэргийн газарт байсан гэрчүүд хэвлэлд ярихдаа “Гурван хүн шөнөжингөө л архи ууж, чанга дуу чимээ гаргаж байсан. Гэнэт дуу нь чангарч, сөжүний шил хагарч байгаа чимээ дуулдсан. Тэгээд хоорондоо нэлээд хүчтэй муудалцаж, зодолдож эхэлсэн. Тэнд байсан хүмүүс тэднийг зогсоосон боловч эргэж ирээд гараа атган далайсан. Мөн гадаа гараад нэмж зодолдсон. Ер нь сүүлийн үед гадны иргэд хотын төвөөр их танхайрч байгаа. Бидний аюулгүй байх боломж улам багассаар байна. Гадны иргэдээс айж байна” хэмээн мэдээлжээ. Мөн мэдээний дор нэгэн Солонгос иргэн “Өөрсдийгөө Чингис хааны үед амьдарч байна” гэж боддог бололтой хэмээн сэтгэгдэл үлдээжээ.

-МОНГОЛЧУУДЫН АРХИДАН СОГТУУРЧ, ТАНХАЙРСАН ЯВДЛЫГ ТЭДНИЙ УЛАМЖЛАЛТ БАЯР НААДАМТАЙ ХОЛБОН ҮЗЭЖ БАЙНА-

Өдгөө монгол залуусын холбогдсон гэх эл хэргийг Сөүл хотын Гванжин дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Хэргийг үйлдсэн гэх А-нь бусдын эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутгагдан түр саатуулагдсан байна. Цагдаагийн байгууллагаас хэргийн нарийвчилсан нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд БНСУ-д сүүлийн тав хоногийн турш гадаадын иргэд тэр дундаа Монголчууд архидан согтуурч, улмаар танхайрсан гэх дуудлага олон бүртгэгдэж байгааг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцолжээ. Ийн хэрэг гарах болсон шалтгааныг Монголын үндэсний уламжлалт баяр болох “Наадам”-тай холбож буй аж. БНСУ-д оршин суух гадаад иргэд тэр дундаа Монголчуудын тоо тогтмол өсөж, түүний хажуугаар сүүлийн үед гарах гэмт хэрэг буурахгүй байгаатай холбоотойгоор гадаадын иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолсон байна. Одоогоор монгол залуугийн бие хүнд бэртэлтэй, эмнэлгийн тусламж авч байгаа ажээ.

Эх сурвалж: MBN.CO.KR