Сөүл хотын захирагчийг амиа алдсан байхад нь уулнаас олжээ

2020-07-10 14:07

Сөүл хотын захирагчийн гэрээслэлийг олон нийтэд ил болгов

Сөүл хотын захирагч Пак Вон Суны цогцсыг Цагдаагийн алба хаагчид тус хотын хойд хэсгийн Бугаксан уулын Сукчонмун гарцны ойролцоогоос олдсон талаар бид өнөөдөр мэдээлсэн. Түүний үхлийн шалтгааныг тус улсын хуулийн байгууллага амиа хорлосон гэж үзэж буй. Тэгвэл Пак Вон Суны гэрээслэлийг олон нийтэд мэдээлж эхлээд байна.

Тэрээр гэрээслэлдээ,

“Бүгдээс нь уучлалт гуйж байна. Миний амьдралын туршид надтай хамт байсан, эргэн тойрны бүх хүмүүстээ талархаж байна. Харин миний хамгийн хүнд цаг үеүдэд намайг орхилгүй надтай хамт байсан гэр бүлийнхнийхээ өмнө би үргэлж буруутай мэт санагддаг байсан. Намайг чандарлаад эцэг, эх хоёрын минь дэргэд оршуулж  өгөхийг хүсье. Бүгдээрээ баяртай” гэжээ.

2020-07-10 08:09

Сөүл хотын захирагчийг амиа алдсан байхад нь уулнаас олжээ

Өнөөдөр Сөүл хотын захирагч Пак Вон Суны цогцсыг Цагдаагийн алба хаагчид тус хотын хойд хэсгийн Бугаксан уулын Сукчонмун гарцны ойролцоогоос олжээ. Пак Вон Суныг алга болсон тухай түүний охин цагдаагийн байгууллагад мэдээлсэн бөгөөд цагдаагийн ажилчид өчигдөр буюу долдугаар сарын 9-ний 17:17 минутаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлж долоон цагийн дараа ийнхүү олж илрүүлсэн байна.

Пак Вон Сун нас барахаас өмнө Варён цэцэрлэгт хүрээлэнгийн хяналтын камерт долдугаар сарын 09-ний 22:53 минутанд өртсөн байсан бөгөөд түүний гар утасны сүүлийн долгион гэрийнх нь ойролцоо буюу Сөүл хотын Чунну-гу дүүргийн ойролцоох Сонбүг-гу дүүргээс илэрчээ.

Долдугаар сарын 10-ны 00:20 цагийн байдлаар түргэн тусламжийн автомашин түүний цогцсыг амиа алдсан газраас нь авч явчээ. Одоогийн байдлаар түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Гэхдээ Сөүлийн захирагч алга боллоо гэх мэдээ цацагдахаас нэг цаг орчмын өмнө нэг эмэгтэй ажилтан нь түүнийг хүчирхийлүүлсэн гэж цагдаад мэдэгдсэн талаар BBC мэдээлжээ. Түүнийг эрэн хайх ажиллагаанд 700 гаруй цагдаа болон гал сөнөөгчид, гурван үнэрч нохой, тусгай албаны K9 нэгтгэл, дрон, нисдэг тэрэг оролцжээ. 

Олон жилийн турш иргэний хөдөлгөөний идэвхтэн, хүний эрхийн хуульчаар ажилласан Пак нь 2011 оноос хойш Сөүл хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байсан ба тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний либерал Ардчилсан намын гишүүн бөгөөд 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа хамгийн их найдвар төрүүлж буй улстөрч байсан аж.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

13 цагийн өмнө

Шуурхай мэдээ