Бангладешийн нэгэн агаарын тээврийн компаний онгоцноос халдвар илэрсэн тул БНХАУ-руу үйлдэх нислэгийг нэг долоо хоногийн хугацаанд түдгэлзүүлж буйгаа өчигдөр мэдэгдлээ.
Тодруулбал, Бангладешийн US-Bangla Airlines компанийн BS325 аялалын дугаартай онгоц өнгөрсөн сарын 28-нд Дака-Гуанжоу чиглэлд ниссэн бөгөөд таван зорчигчийн нуклейн хүчлийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 6-ны өдрөөс эхлэн тус компанийн энэхүү маршрутын нислэгийг нэг долоо хоногийн хугацаанд түдгэлзүүлжээ.
Энэ нь БНХАУ-ын Иргэний нисэхийн газар анх удаа гадаадын агаарын тээврийн компанид зориулан гаргаж буй сэрэмжлэх арга хэмжээ болж байгаа юм. БНХАУ-ын Иргэний нисэхийн газрын мэдээлснээр, US-Bangla Airlines компани нь долоо хоногт гурван удаа Гуанжоу хот руу зорчигч, ачаа тээврийн нислэг үйлддэг юм байна.