Венесуэлд суугаа Европын холбооны Элчин сайдыг 72 цагийн дотор тус улсыг орхин явах зарлигийг Ерөнхийлөгч Николас Мадуро гаргажээ.
Европын холбооноос Венесуэлийн 11 албан тушаалтны эсрэг хориг тавьсны дараа Элчин сайд Изабел Брилхант Педросаг улсаасаа хөөсөн байна. Николас Мадуро “Хэрэв тэд Венесуэлийг хүндлэхгүй бол явах ёстой. Тэднийг явахад зориулан нисэх онгоц гаргаж өгч болно. Коронавирусийн цар тахлаас болж Венесуэлийн агаарын орон зай эзгүй байгаа” хэмээжээ.
Венесуэлийн сөрөг хүчний лидер Хуан Гуайдогийн тэргүүлсэн Үндэсний ассамблейн эсрэг үйл ажиллагаа явуулсан хүмүүсийн эсрэг Европын холбоо хориг тавьсан аж. Хуан Гуайдо нь өнгөрсөн 2019 онд өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгчөөр зарласан ч Николас Мадурог суудлаас нь буулгаж чадаагүй юм. Хуан Гуайдог Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн АНУ, Европын холбоо хүлээн зөвшөөрчээ. Одоогийн байдлаар Европын холбооноос тус улсын 36 албаныхны эсрэг хориг тавиад байна.
Венесуэлийн эдийн засгийн хямрал, улс төрийн зөрчлөөс болж 2015 оноос хойш дөрвөн сая орчим хүн эх орноосоо дүрвэсэн гэж НҮБ мэдээлжээ. Газрын тосны арвин нөөцтэй тус улсад ажилгүйдэл, эм, хүнсний хомсдол үүссэн бөгөөд олон мянган хүнд яаралтай хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй болжээ.