Б.Ургамалцэцэг: Би жирэмсэн гэдгээ АНУ-д ирээд мэдсэн

Б.Ургамалцэцэг: Би жирэмсэн гэдгээ АНУ-д ирээд мэдсэн

Өнгөрсөн оны нэгдүгээр сард дэлхий даяар цар тахал дэгдэж эхэлснээс хойш улс орнууд хилээ хааж, олон мянган хүн эх орон, гэр бүлээсээ хол, хүнд нөхцөл байдалд амьдарч эхэлсэн юм. Манай улс он гарснаас хойш дэлхийн 23 улсаас зургаан мянга гаруй иргэнээ авчраад байгаа хэдий ч нутаг буцах хүсэлтэй олон иргэн байгаа юм. Тэд гурван сараас эхлэн өөрсдийн гэсэн групп байгуулан цахим орчинд дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх болсон. Удалгүй Засгийн газрын шийдвэр гарч тус иргэдийг бүгдийг авчрах боломжгүй тул эхлээд нэн түрүүнд нутаг буцах шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нялх хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүд, хүнд өвчтэй хүмүүсийг тусгай нислэгээр авчрахаар болсон юм.

Гэтэл уг шийдвэртэй зэрэгцэн “Өнгөрсөн хугацаанд хийсэн тусгай үүргийн онгоцоор Засгийн газраас гаргасан шаардлагыг хангаагүй, эрүүл саруул залуучууд ирж байна. Харин ирэх ёстой өндөр настай, жирэмсэн эмэгтэйчүүд ирж чадахгүй байна” гэсэн шүүмжлэл цахим орчинд тархаж эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан бид АНУ-д  хөл хорионд ороод буй бага насны хоёр хүүхэдтэй, бие давхар иргэн Б.Ургамалцэцэгтэй холбогдон үүсэн нөхцөл байдлынх нь талаар тодруулсан юм.

-ЖИРЭМСЭН БОЛСНООСОО ХОЙШ ОДООГ ХҮРТЭЛ ЭМЧИЙН  ХЯНАЛТАД ОРЖ ЧАДААГҮЙ,
“ХҮНДРЭЛТЭЙ ЖИРЭМСЛЭЛТ” ГЭСЭН ОНОШОО САЯХАН МЭДСЭН-

-Сайн байна уу. АНУ-ын аль хотод байгаа вэ. Хэзээнээс хөл хорионд оров?

-Сайн. Сайн байна уу. АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод байна. Нэгдүгээр сарын 20-нд нөхөр, хоёр хүүхдийн хамт өвлийн амралтаараа 10 хоног ирээд хөл хорионд орсон. Буцах билет Хятадаар дайрах байсан боловч Хятадад өвчин гарчихсан. Ингээд Солонгосоор дайрахаар болгож сольтол Солонгост байдал хүндрээд давхар Монгол хилээ хаачихсан. Бага насны хүүхдүүдтэй учраас эрсдэлтэй газраар буцахгүй гэж бодоод цаг алдчихсан юм. Гэхдээ хил хаагдана гэж мэдсэн бол бүх аргаа ашиглан буцах байсан.

-Хоёр хүүхэд нь хэдэн настай вэ? Өөрийн тань хувьд жирэмсэн юм байна?

-Нэг нь таван настай. Нөгөө нь гурван настай. Тийм ээ. Нэг сард Монголоос ирэхдээ өөрийгөө жирэмсэн гэдгийг мэдээгүй. Энд ирээд л мэдсэн. Эх орондоо буцаж чадахгүй байсаар одоо гэдэс маань томроод зургаан сартай болчихлоо. Жирэмсэн болсноосоо хойш одоог хүртэл эмчийн хяналтад орж чадаагүй.  Харин өөрөө өгөх ёстой шинжилгээнүүдээ өгтөл “High risk pregnanсу” буюу  “хүндрэлтэй жирэмслэлт” гэсэн онош гарсан. Дээрээс нь сарын хугацаанд амжиж буцахгүй бол долоон сар хүрчихвэл онгоцонд суух боломжгүй болчихно. Үнэхээр яахаа мэдэхгүй, хүнд байдалтай л байна даа.

-Одоо Хьюстон хотод хаана амьдарч байгаа вэ. АНУ-д буцаад халдвар дэгдэж эхэлсэн гэсэн мэдээлэл байна?

-Тийм ээ, гадуур огт гарахгүй байгаа. Энд тогтсон амьдрал байхгүй учраас айлд л амьдарч байна. Тиймээс азаар байрны мөнгө гэж төлөхгүй байгаа ч хоёр хүүхэдтэйгээ айлд байгаа учраас ус, цахилгаан, хоол хүнс гээд их л зардал гарч байна. Дээрээс нь  энэ өндөр зардалтай газар таван сар шахуу гацчихаад байгаа учраас санхүүгийн  байдал үнэхээр хүнд байгаа.  Энд машингүй бол дэлгүүр ч орох боломжгүй учраас удахгүй харина гэж бодоод 14, 14 хоногоор машин түрээсэлсэн. Ингэхэд л 4500 гаруй доллар үрчихсэн байна.

-ЭСЯ-ААС “МОНГОЛ БУЦАХ ИРГЭДИЙГ УОК ШИЙДДЭГ УЧРААС ЯАГААД
БАГТААГҮЙГ НЬ МЭДЭХГҮЙ БАЙНА” ГЭСЭН-

-Хэзээнээс элчинд  мэдээллээ өгсөн бэ. Яаралтай буцах шаардлагыг хангачихсан юм байна. Яагаад 17-ны нислэгт багтаагүй юм бол?

-Эхэндээ гэр бүлтэйгээ хамт байгаа бас одоохондоо амьдрах газар байгаа тул эхлээд биднээс илүү хүнд байдалд байгаа хүмүүс яваасай гэж бодсон. Хил хаагдсаныг сонсоод удахгүй нээх байх, ядаж өөрийн улсын иргэдээ оруулах байх гэж итгэсэн. Ингээд тавдугаар сарын 25-ны УОК-ын хурлын дараа байдал бишдсэнийг ойлгоод шууд бүртгүүлсэн. Бүх нөхцөл байдлаа хэлээд өргөдөл, бичиг баримтаа өгөхөд "шаардлага хангаж байна, болно” гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл эргэж холбогдоогүй. Элчин уруу өөрөө залгаад асуутал “Нислэгт багтаагүй. Явах иргэдийг УОК шийдэж байгаа учраас яагаад багтаагүйг нь хэлэх боломжгүй” гэж хэлсэн. Энэ мэдээг сонсоод үнэхээр их хямарсан. Сэтгэл санаа үнэхээр хүнд байна.

-САРЫН ДОТОР БАГТАЖ БУЦАХГҮЙ БОЛ ОНГОЦОНД СУУХ БОЛОМЖГҮЙ БОЛНО.
БАС ВИЗ-НИЙ ХУГАЦАА Ч ДУУСНА-

-Санхүүгийн  хувьд бас хүнд байдалд байгаа юм байна. Гэр бүлээрээ буцахад их хэмжээний зардал гарах байх?

-Тийм ээ таван сарын хугацаанд маш их зардал гарсан. Одоо бол хоолоо л арай ядан залгуулж байна. Аз таараад нислэгт багтлаа гэхэд буцах зардал, тусгаарлагдах байрны мөнгө гээд багадаа 20 сая төгрөг болж байна. Энэ үнэхээр хүнд тусаж байна. Гэхдээ таньдаг мэддэг хүмүүсээсээ зээлээд ч болов эх орондоо л буцахаас өөр сонголтгүй.      

-Өчигдөр УОК-ын  хурлаар энэ сарын 21-нд дахин нислэг үйлдэхээр төлөвлөж байна гэсэн мэдээлэл гарсан?

-Тэглээ. Бүр сэтгэлээр уначихсан байхад ийм мэдээ сонсоод баярлаж байна. Бас ахиад нислэгт багтаж чадахгүй бол  яана гэж айж байна. Гэхдээ итгэж найдаад хүлээхээс өөр аргагүй. Энэ удаагийнх дээр шударга байна гэж найдаж байна. Хэрвээ энэ нислэгт багтаж чадахгүй бол би  удахгүй онгоцоор явах боломжгүй болно. Бас хүний газар хүндрэлтэй төрөх болчхоод байна.  Виз-ний хугацаа ч  долоо дугаар сарын 20-нд дуусна. Дээрээс нь гадаадад байгаа монголчуудын талаар хүмүүс маш буруу ойлголттой байгаа. Бид маш их харааж, зүхүүлж байна. Одоо үнэхээр сэтгэлийн тэнхээ байхгүй болж байгаа. Тиймээс бид нарыг ойлгож, зөвөөр хүлээж аваасай гэж хүсье.

-Танд эрүүл энхийг хүсье. Эх орондоо удахгүй ирнэ гэж итгэж байна.

Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн жишээ. Үүний ард бие биенээсээ хол олон мянган гэр бүл, үр хүүхдээ санасан өндөр настнууд, өвчтэй иргэд УОК-ын  шийдвэрийг хүлээж суугаа. Гэтэл УОК  “хүний нууц” гэсэн тайлбарын дор нислэгт багтсан хүмүүсийн нэрийг нууцлан иргэдийн дунд эргэлзээ, бухимдал төрүүлсээр л байна. Хэн гэдэг хүн, ямар шалтгаанаар нислэгт багтсан тухай мэдээлэл тийм нууц мэдээлэл гэж үү?  Өөрсдийнхөө зардлаар эх орондоо ирж, тусгаарлагдаж байгаа иргэд үүнийг мэдэх эрхгүй юу? Өндөр настан, жирэмсэн эхчүүдэд  тусгаарлах байр луу архи, тамхи нууцаар оруулах ямар шалтгаан байна вэ?  Ямартай ч 76 настай хөгшин, нялх хүүхэдтэй, бие давхар ээж, зүрхний хагалгаанд орсон нэг ойтой хүү УОК-ын шударга шийдвэрийг хоног тоолон хүлээсээр сууна.