ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хүмүүс гэнэт хэсэг хэсгээрээ гүйлдэж эхлэхэд маш их гайхсан

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хүмүүс гэнэт хэсэг хэсгээрээ гүйлдэж эхлэхэд маш их гайхсан

Өчигдөр (2020.06.07) 16.48 цагт онцгой байдлын албаны шуурхай утсанд Улсын их дэлгүүрийн барилгад утаа тархсан талаар дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу  аврах анги очиход барилгын баруун хэсгээс гал авалцаж байжээ. Гал барилгын зургаан давхраас эхэлж, удалгүй долоон давхрыг хамарсан. Улмаар нэг цаг орчмын дараа таван давхрыг ч хамарсан юм. Нийслэлийн Гал унтраах, аврах найман ангийн нийт 230 гаруй алба хаагч ажилласаар уг гал түймрийг 21:30 цагт бүрэн унтраасан юм. Нийтдээ 3-4 удаа тэсэрч дэлбэрэх дуу сонсогдсон гэдгийг иргэдийн зүгээс хэлж байлаа.

Өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн УИД-т гарсан галын шалтгааныг тогтоохоор Нийслэлийн цагдаагийн газар, галын шинжээч, галын байцаагчид хамтран ажиллаж байна. Бид нөхцөл байдал ямар байгааг газар дээр нь очиж сурвалжиллаа.

-УИД-ИЙН ТҮРЭЭСЛЭГЧИД БОЛОН АЖИЛЧИД ЭД ЗҮЙЛЭЭ ХҮЛЭЭЖ АВАХААР ДУГААРЛАН ЗОГСЧЭЭ-

Их дэлгүүрийн 130 тасагт 260  түрээслэгч худалдаа үйлчилгээ эрхэлдэг. Нийт мянга гаруй ажилтанг ажлын байраар хангадаг. “Улсын их дэлгүүр” олон нийтийн өмчлөлтэй компани бөгөөд хувьцааных нь 61 хувийг "Номин холдинг"-ийн ах дүүс болох гурван том хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Үлдсэн 38.81 хувь нь 44 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн мэдэлд байдаг билээ. 

Биднийг очиход “Номин холдинг” компаний ажилчид УИД-ийн зүүн талын хаалган дээр дугаарлан зогсож, тасгийн ахлахууд нь эд бараагаа шалгаж, тоолох ажил явагдаж байсан бол дэлгүүрийн урд талд түрээслэгчид  өөрсдийн эд зүйлээ авхаар зогсоцгоож байсан юм.  Учир нь гал гарах үед тэд сандарцгаан, бүх зүйлээ орхин дэлгүүрээс гүйж гарцгаажээ.

-ХҮМҮҮС ГЭНЭТ ХЭСЭГ ХЭСГЭЭРЭЭ ГҮЙЛДЭЖ ЭХЛЭХЭД МАШ ИХ ГАЙХСАН-

Нэг давхарын түрээслэгчдийн хэлж буйгаар “ Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Бид гал гарсан тухай огт мэдээгүй худалдан авагчидаа үйлчилж байсан. Гэтэл хүмүүс хоёр, гурваараа айж сандарсан байдалтай гүйлдэж эхэлсэн. Юу болоод байгааг мэдээгүй болохоор эхэндээ маш их гайхсан. Гэтэл удалгүй хамгаалагчид “Гал гарч байна. Хурдан дэлгүүрээс гарцгаа” гэж хэлсэн. Үүнийг сонсоод маш их сандран, тэр дороо гүйлдэж гарсан. Дээд  давхрын хүмүүс бүгд шатаар бууцгааж ирсэн гэсэн. Учир 7, 8 давхруудын лифт галд хайлсан байсан гэсэн. Биднийг дэлгүүрээс гарахад гадаа юу ч харагдахгүй болчихсон байсан. Толгой эргэж, нүд харанхуйлж байсан. Дэлгүүрийн нэг давхарт үнэртэй ус, гоо сайхны бараа гээд химийн найрлагатай бүтээгдэхүүнүүд байдаг учраас гал нэг давхарт орж ирсэн бол дэлбэрэлт болох боломжтой байсан”  хэмээн ярьцгааж байна.

-ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫГ ХӨӨСӨНЦӨР МАТЕРИАЛААР ХИЙСЭН БАЙСАН НЬ ГАЛ АМАРХАН АВАЛЦАХАД ХҮРГЭСЭН-

Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас өглөө 11:00 цагт мэдээлэл хийсэн.

НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан “Өчигдөр 16:48 цагт ирсэн дуудлагын дагуу Гал унтраах, аврах найман ангийн албан хаагчид шуурхай ажилласан. Энэ үеэр нийт 7 хүний амь насыг автомеханик шат ашиглан авран хамгаалсан.

Их дэлгүүрийн ойролцоо гал унтраах усны шугам буюу галын гидрант байгаагүй. Нийслэлийн хэмжээнд 178 галын гидрант байдаг ч 104 нь хэвийн ажиллаж байгаа. Эдгээр нь сүүлийн үед шинээр баригдаж буй барилгуудын ойр орчимд ихэвчлэн байрладаг. УИД нь харьцангуй дээр үеийн барилга учраас галын гидрант байгаагүй. Мөн галд шатсан хэсэг буюу өргөтгөл нь галд хурдан шатах материал бүхий хөөсөнцөр байсан учраас галд хурдан автсан.

Анх гал гарсан зургаан давхарт бэлэг дурсгал, хоолны газрууд үйл ажиллагаа явуулдаг бол долоон давхарт ресторан ажилладаг. Урьдчилсан байдлаар гарсан мэдээллээр барилгад засвар хийж байсан иргэд гал алдсан байх магадлалтай. Гэхдээ энэ нь эцсийн шалтгаан биш гэдгийг газар дээр ажилласан аврагчдын зүгээс хэлсэн юм.

-ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ОДООХОНДОО ТОГТООХ БОЛОМЖГҮЙ. ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ ГАРСАН НЬ ОЙЛГОМЖТОЙ-

Галын шалтгаан тогтоогдоогүй ба нийслэлийн Цагдаагийн газраас хэргийн газарт үзлэг хийж байгаа юм. Галын шалтгааныг тогтооход хамгийн багадаа 14 хоног шаардагдах аж.

ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа  Б.Баатархүү “Галын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллага эцэслэн тогтоонон. Цагдаагийн байгууллагад гал дээврээсээ гарсан тухай мэдээлэл ирсэн. Шалтгаан, нөхцөлтэй холбогдуулж гэрчүүдийн мэдүүлгээр гал алдсан байж болзошгүй  таван хүнийг шалгаж , тайлбар мэдүүлэг авч байна. Гэмтэж бэртэж, амь насаа алдсан хүн байхгүй” гэж мэдээллээ.

УИД-т гарсан гал түймрээс үүдсэн хохирлын хэмжээг одоохондоо тогтоох боломжгүй. Их хэмжээний хохирол гарсан нь ойлгомжтой гэж албаныхан мэдээлж байна.